Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргасан. Ингэснээр Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал багасаж, жил бүр 50 мянга орчим иргэнд хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж буй.
Тэгвэл “Эрдэнэт Медипас” эмнэлгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Эрдэнэт медикал” эмнэлэг болгон авахдаа хууль зөрчсөн хэмээн Сингапурын Олон улсын Арбитрын шүүх үзсэн тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ "Медипас" ХХК, “Mедипас” нийгэмлэгт 100 гаруй тэрбум төгрөг төлж, санхүүгийн байдал нь эрсдэлд орсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" нь “Эрдэнэт Медипас” эмнэлгийг өөрийн хөрөнгөөр барьж улмаар Япон Улсын эмнэлгийн менежментийг Монгол Улсад нутагшуулах зорилгоор Япон Улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааг дэмжих “Mедипас” нийгэмлэг, Японы Улсын хөрөнгө оруулалттай “Медипас” ХХК-тай урт хугацааны туршид хамтран ажиллах гэрээг байгуулсан байдаг. Гэрээгээр Японы эрүүл мэндийн менежментийг нэвтрүүлэх, Японы хөрөнгө оруулалтаар 200 ортой эмнэлэг байгуулах, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, “Эрдэнэт” үйлдвэрээс оруулсан хөрөнгийг Японы тал 18 жилийн хугацаанд эргүүлэн төлөх учиртай байжээ.
Тус эмнэлгийн хөрөнгийг ийнхүү шилжүүлж, гэрээ байгуулсныг хууль бус байсан хэмээн үзэж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн “Хөрөнгө балансаас хасах тухай” А/108 дугаар тушаалаар төрийн хөрөнгийг хувьд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүйд тооцож, хөрөнгийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн баланст эргүүлэн бүртгэж авахаар шийдвэрлэсэн юм.
Гэтэл манай улсын энэхүү шийдвэрийг “Медипас” нийгэмлэг, Японы Улсын хөрөнгө оруулалттай “Медипас” ХХК эс зөвшөөрч, Сингапурын Олон улсын Арбитрын шүүхэд гомдол гаргаж, тус шүүхээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “Медипас” нийгэмлэг, “Медипас” ХХК-тай хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан хэмээн үзэж, “Эрдэнэт үйлдвэр”-ээс 101.2 тэрбум төгрөг гаргуулан төлүүлэх шийдвэр гаргасан аж. Гэвч "Эрдэнэт үйлдвэр" тус шүүхийн шийдвэрийг эс биелүүлснээс үүдэж, хугацааны хүүнд 202.3 сая төгрөг төлөхөөр болжээ. Ингээд тус үйлдвэрээс “Медипас” нийгэмлэг, “Медипас” ХХК-нд нийт 102 тэрбум төгрөгийг төлсөн байна. Үүнээс үүдэж Эрдэнэт үйлдвэрт санхүүгийн эрсдэл орсон гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм.