Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хуралд Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд болон аймаг, нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо. Өнгөрөгч долоодугаар сарын 02-нд болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарч, төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн, нэгдмэл байр суурьтай ажиллах шаардлагатай байгааг онцолсон. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар үүрэг даалгавар өгөөд байсан юм. Албан даалгаврын хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа.
Боловсролын сайд П.Наранбаяр:- 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянган хүүхэд суралцана. Харин ерөнхий боловсролд 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 30 орчим мянгаар нэмэгдэнэ. Ерөнхий боловсролын тухайд хүүхдийн тоо 30 гаруй мянгаар өсөж байгаатай холбогдуулан сургуулийн анги танхим түрээслэхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай ерөнхий боловсролын долоон сургууль, 400 орны хүчин чадалтай хүүхдийн таван цэцэрлэг, 280 орны хүчин чадалтай нэг цогцолбор, 270 орны хүчин чадалтай хоёр дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн спорт заал, их, дээд сургуулийн спорт заалны барилга тус тус ашиглалтад ороод байна. Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж ялангуяа ширээ, сандлыг Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр худалдан авч, сургуулиудад нийлүүлнэ. Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичиг хүлээгдэж байна.
Цэцэрлэгт мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш ажиллуулах, тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах гэх мэт арга замаар хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ цаашид багшийн хангалтыг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд багшийн цалин хөлс, тэр дундаа үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.