Насанд хүрээгүй охидын хувийн зураг мэдээллийг ашиглан дарамталж, биеийг нь үнэлүүлдэг байжээ

Насанд хүрээгүй охидын хувийн зураг мэдээллийг ашиглан дарамталж, биеийг нь үнэлүүлдэг байжээ

Цагдаагийн байгууллага энэ оны эхний долоон сарын байдлаар 80709 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн долоо хоногт 298 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Бүртгэгдсэн хэргийг ангиллаар авч үзвэл. Хүний амь насыг хохироосон гурав, бусдын биед халдаж хохирол учруулсан 69, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гурав, Өмчлөх эрхийн эсрэг 125, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг нэг, хүрээлэн буйр орчны эсрэг тав, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 64, бусад төрөлд хамаарах 28 хэрэг байна.

Сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээллийг хүргэж байна. Охид эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулж биеийн нь үнэлүүлж байсан этгээдүүдийн үйлдлийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг далимдуулж 2023 оны арваннэгдүгээр сараас хойш хугацаанд тэдний хувийн зураг мэдээллийг ашиглан дарамталж эрхшээлдээ оруулж, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлж байсан бүлэг этгээдүүдийн үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Хэргийг энэ оны наймдугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүдэд нь эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналт сул охдыг эрхшээлдээ оруулж дарамталж байгаа тул та бүхэн хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн иргэд ихэвчлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгдөг. Үүнээс гадна 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, дуудлага өгөх боломжтой. Мэдээлэгчийн нууцыг хуулийн дагуу чандлан хадгална. Мөн хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мессеж илгээж болох гэнэ.