Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хуралд Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд болон аймаг, нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо.
Өнгөрөгч долоодугаар сарын 02-нд болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарч, төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн, нэгдмэл байр суурьтай ажиллах шаардлагатай байгааг онцолсон. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар үүрэг даалгавар өгөөд байсан юм. Албан даалгаврын хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: -ДЭМБ-аас 2025-2026 онд зөвлөмж болгосон улирлын томуугийн вакцины нийт 300,000 хүн тунг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоод ханган нийлүүлэгчээр дамжуулан худалдан авсан. Эхний ээлжийн 135,000 хүн тун томуугийн вакциныг ирэх долоо хоногт, дараагийн ээлжийн 165,000 хүн тун вакциныг есдүгээр эхний хагаст хүлээн авахаар төлөвлөсөн. Улаанбурханы эсрэг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлж, нөхөн дархлаажуулалтад 10 сараас 15 насны хүүхдийн 55 хувийг хамруулсан байна. Отор нүүдлээр бусад аймгийн нутагт амьдарч буй иргэдэд харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлийг аймгуудын Эрүүл мэндийн газарт хүргүүлэн мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллаж байна.