Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн станцын хоёрдугаар блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулбал хязгаарлалт хийхгүй

Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн станцын хоёрдугаар блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулбал хязгаарлалт хийхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хуралд Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд болон аймаг, нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо. Өнгөрөгч долоодугаар сарын 02-нд болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарч, төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн, нэгдмэл байр суурьтай ажиллах шаардлагатай байгааг онцолсон. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар үүрэг даалгавар өгөөд байсан юм. Албан даалгаврын хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: -Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл энэ сарын 15-ны байдлаар дунджаар 64 хувьтай байна. Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуух, 49 турбогенератроос 27 зуух, 24 турбогенератор, бэлтгэлд 18 зуух, 9 турбогенератор, засварт 24 зуух, 16 турбогенератор байгаа ба системийн горим ажиллагаа хэвийн байна.

2025-2026 оны өвлийн оргил ачааллын үед 113 МВт чадлын хязгаарлалт хийхээр төлөвлөсөн их засварын 759 ажилд 154.9 тэрбум төгрөг, техник, зохион байгуулалтын арга хэмжээний 436 нэр төрлийн ажилд 91.6 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын 598 төрлийн ажилд 185.5 тэрбум төгрөг буюу нийт 1,793 нэр төрлийн ажилд 432.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Наймдугаар сарын 15-ны байдлаар бэлтгэл дунджаар 64 хувийн гүйцэтгэлтэй байна. 2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачааллыг арванхоёрдугаар сард 1,800 МВт хүрэх тооцоолол гарсан. Дотоодын эх үүсвэрүүдээс 1,197 МВт, батарей хуримтлуураас 160 МВт, салхин станцаас 30 МВт, импортоор 300 МВт тус тус хангаж, 113 МВт-ын чадлын хөнгөлөлт хязгаарлалт хийхээр төлөвлөж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай хоёрдугаар блокийг арванхоёрдугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөн ажиллаж байгаа. Тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийгдэхгүй.

Өвлийн оргил ачааллын үед нүүрсний 15 хоногийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн станцуудын нүүрсний нөөц бүрдүүлэлт төлөвлөгөөний дагуу явагдаж 372.9 мянган тонн нүүрсний, 2,000 тонн мазутын нөөцтэй байна. Харин зүүн бүсийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангадаг Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК нүүрсний нөөц бүрдүүлэлт тасраад байна. Энэ нь тус компани нүүрс нийлүүлэгч МАК ХХК нүүрс худалдах, худалдан авах гэрээг шинэчилж, нүүрсний үнийг нэмэгдүүлэн Эрчим Хүчний Зохицуулах Хороогоор тогтоолгох хүсэлттэй холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт тасраад байгаа. Улаанбаатар хотын 2025-2026 оны өвлийн оргил ачааллын үед нийт 31,158 тонн/цаг сүлжээний усыг халааж, 2,060.2 Гкал/цаг дулааны ачаалалтай ажиллахаар байгаа.