Монгол, Японы палеонтологийн хамтарсан экспедиц Говийн нутгаас өргөн нь 92 см хүрэх аварга том үлэг гүрвэлийн хөлийн чулуужсан мөр олсон талаар “ Sci news” мэдээлжээ.
Энэ нь хоёр хөл дээрээ явдаг үлэг гүрвэлүүд дотроос хамгийн томд тооцогдож байгаа аж. Үлэг гүрвэлүүд дундаас махан идэшт тарбозавр, урт хүзүүт брахиозавр биеийн овор хэмжээгээр дээгүүрт ордог. Тэгвэл гадрозаврын овгийн энэ үлэг гүрвэл нь тэдгээрээс ч том буюу биеийн урт нь дунджаар 15 м байсан хэмээн эрдэмтэд таамаглаж байна.
Хамтарсан экспедиц 24 м газар ар араасаа цуварсан 13 мөр олсны дундаж өргөн нь 85, хамгийн том нь 92 см байсан бөгөөд ойролцоогоор 70 сая жилийн өмнө хамааралтай хэмээн үзэж байгаа аж.
Гадрозаврын овгийн хамгийн том төрөл нь 1973 онд Хятадын Шаньдун мужаас олдсон шаньдунозавр бөгөөд урт нь 15-17 м хүрдэг. Тэгвэл Монголын Говиос олдсон энэ төрөл үүнтэй эн зэрэгцэхүйц том байгаа аж. Мөр олдсон газрыг палеонтологчид анх 2018 онд тогтоосон бол судалгааг өнгөрсөн оны зургаадугаар сард хийжээ. Экспедицийн ахлагч, Японы Окаямагийн шинжлэх ухааны их сургуулийн Үлэг гүрвэлийн судалгааны музейн захирал Шинобү Ишигаки хэлэхдээ “Эдгээр чулуужсан мөрийн тусламжтайгаар бид тэрхүү үлэг гүрвэлийн биеийн хөдөлгөөн, хурд, зарим зан авирыг судлан тогтоох боломжтой. Бидний дараагийн зорилго бол эдгээр ул мөрийг үлдээсэн савролофусын араг ясыг бүхэлд нь илрүүлэх явдал юм" гэжээ.