Японы алдарт “NHK world” телевиз “Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цор ганц урлагийн сургууль байдаг” гэх нэвтрүүлэг бэлтгэн саяхан цацаж байв. Тухайн нэвтрүүлэгт Г.Ундармаа гэх эмэгтэйг онцлон харуулсан юм. Түүний хувьд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй ч бууж өгөлгүй тэмцсээр багын мөрөөдлөө биелүүлж, зураач болсон нэгэн. Иймд бид “Анима” дүрслэх урлагийн коллежийг өнгөрсөн жил төгссөн Г.Ундармаа гэх бүсгүйтэй ярилцлаа.
ВИДЕО:
-Таны амьдрал уран зурагтай хэзээ, яаж холбогдов?
-Би Төв аймагт төрж өссөн. Одоогийн байдлаар график дизайнерын ажил хийдэг. Аав маань нэлээн зурж бичдэг хүн байсан. Миний хувьд аавыгаа томилолтод явсан хойгуур зураг зураад аав руугаа их явуулдаг байлаа. Тэр үеэс буюу гурван настайгаасаа л эхэлж зурсан даа.
-Хэдий урлагт хайртай ч амьдрах хэрэгцээ тулгардаг. Таны хувьд шийдвэр гаргах, сонголт хийх үеүдийг хэрхэн давав?
-Байлгүй яах вэ. Би арван жилдээ шалгалт өгөөд нэлээд дээгүүр жагсаж байсан. Тэр үед намайг хүүхдүүд, багш нар ч их дэмждэг байж. Гэвч амьдралын боломж тааруугаасаа болоод зургаараа яваагүй. Маркетингийн менежер гэх мэргэжлээр ХААИС-д сурч төгссөн. Одоогийн байдлаар би хоёр сургууль төгсөж, хоёр ромбо дипломтой болсон. Энэ хүртэл хүнд хэцүү олон зүйл тохиолдсон ч тэр болгонд шантралгүй явсаар өдийг хүрсэн байна.
Гэхдээ ар гэр, найзууд, багш нар маш их тусалж дэмждэг байсан. Над шиг хүний хувьд энэ хүртэл явна гэдэг мэдээж амар байгаагүй. Хэцүү байсан.
-Тэгэхээр буцаж эхлүүлэх шалтгаан ч бас байсан байх?
-Тийм. Тухайн үед өөр мэргэжил сонгоод суралцсан ч амжилт олоогүй. Тэгээд 30 нас гарсан хойноо л энэ мэргэжлийг сонгосон. Зураачид маш их материал, хөрөнгө мөнгө орно. Манай ээж гурван хүүхэдтэй өрх толгойлсон ээж байсан учраас зургаараа үргэлжлүүлж чадаагүй. Тэгээд аавынхаа хамаатнуудыг бараадаад Дарханд маркетингийн менежер чиглэлээр сурсан. 10 гаруй жил ажил хайж явсан. Гэвч хүмүүсийн ихэнх нь үзэмж, гадаад байдал хараад авдаггүй. Тэгсэн ч гэсэн би тэмцсээр л байсан. Сонирхлоороо өөрөө загвар, эмэгтэй хүн их зурдаг. Тэгээд л хот явъя, зургаараа л суръя гэж бодоод “Анима” сургуульдаа орсон доо. Хүн ер нь өөрийн хүсдэг, чаддаг юмаараа л явах нь илүү амжилтанд хүрэх боломжийг олгодог юм байна лээ.
-Багынх нь тэр мөрөөдлийг тухайн үед хүмүүс хэр дэмждэг байсан бол?
-Аав маань намайг бага байхад ёстой гоё зурдаг, алтан гартай охин шүү гээд л их урамшуулдаг байлаа. Найзууд, багш нар маань ч их дэмждэг байж. Бага байхад манай ээжийн хамаатны эгч байдаг байсан юм. Үнэхээр эмэгтэйлэг. Түүнийг харахаар миний хөг орж ирдэг байсан гэх үү дээ. Тэр эгчийгээ их зурна. Эгч маань ч намайг урамшуулж, их магтдаг байсан. Гэсэн ч өөр чиглэлээр яваад 30 гарсан хойноо л энэ сургуульд орсон доо. Хааяа шантрах үе ч байсан. Тэр бүгдэд хамт олон, найз нөхдийн тусламж их ирдэг. Гэхдээ ажлын байран дээр гарахад дарамт шахалт их ирдэг юм байна лээ. Тэр үед “би угаасаа л энэ амьдралаар амьдрахаас л хойш” гэж бодоод их тэмцэж амьдарсан даа.
-Та эмэгтэй хүн, эрвээхийг голчлон дүрсэлдэг. Яагаад?
-Одоогийн байдлаар эх үр хоёрыг холбосон зураг зурж байна. Энэ төрлийн зураг их зурах дуртай. Би өөрөө хүүхдэд их хайртай. Эмэгтэй хүн их дэврүүн, эрвэйхий шиг гоёмсог байдаг. Тийм болохоор эрвээхий, эмэгтэй хүн зурах их дуртай. Бидэн шиг зурдаг хүмүүс ярих чадвар муу байдаг болохоор зургаараа ярьдаг гэсэн үг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй зарим хүмүүсийн зураг их бараан байдаг юм. Үзэж туулсан амьдрал, өөртөө итгэлгүй байдал, зовж шаналсан үеэ зургандаа илэрхийлээд гаргаад байдаг учраас хар бараан байдаг байх. Ер нь зураг бол хувь хүний дотоод өнгө л дөө. Миний хувьд тод өнгөнүүдэд их дуртай. Улаан, ягаан, шар өнгийг зургандаа их хэрэглэдэг.
-Таны хамгийн алдартай бүтээл нь юу вэ?
-Германы зураачид зурж өгсөн зураг бий. Тэр зураг маань “Зүрхний анир” гээд үзэсгэлэнд тавигдаж байсан.
-Зургаа худалдаалдаг уу?
-Хэцүү шүү дээ. Зураг гэдэг чинь талх шиг байнга зарагдахгүй. Одоо л манай Монголд уран зураг хөгжиж, одоо л танигдаж эхэлж байна. Гэхдээ миний хувьд одоо ч болоогүй л байгаа. Цаашдаа ч энэ чиглэлээрээ үргэлжлүүлээд явна.
-Энэ замыг хоёр дахь удаагаа сонгож, мөрөөдлөө биелүүлсэн хүний хувьд олон асуудлаас болж урлагийн мөрөөдлөө орхиж байгаа, орхисон уран бүтээлчдэд юу гэж зөвлөх вэ?
-Манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст их чанга шүү дээ. 397 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй. Миний хувьд ар тал бат бөх байдаг учраас болоод л байна. Надаас өөр хөгжлийн бэрхшээлтэй, хөшигний ард байгаа зөндөө л хүмүүс бий. Тэр хүмүүс маань нийлээд дуу хоолойгоо өргөдөг байгаасай.
УИХ-ын 126 гишүүнд гэхэд хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүн орсон. Тийм болохоор биднийг төлөөлөөд, дуу хоолойгоо өргөөд олон зүйл хийх байх гэж бодож байна.
Надтай ижил бэрхшээлтэй хүмүүс маань өөрийгөө голж огт болохгүй. Дандаа л зоригтой байж, хэн ч юу ч гэж хэлж байсан өөрийнхөө чаддаг зүйлийг л уйгагүй хийх хэрэгтэй дээ. Бид бүгдээрээ л хүн. Өнөөдрийн нийгэмд амьдрах гэж хичээж яваа л иргэн.
-Таны хийх дараагийн уран бүтээл, зорьж буй зорилго юу байх вэ?
-Цаашаа зураачаараа үргэлжлүүлээд сурна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болохыг хичээж амьдарна даа.