Эцэг эхээ алдсан, орхиж явсан гэх мэт олон шалтгаантай бяцхан хүүхдүүдийг харж, хандаж, өсгөж буй сайхан сэтгэлт хүмүүсийн нэгдэл бол Кристина Ноблийн сангийн дэргэдэх “Нархан” гэр хотхон юм. Өдгөө 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй энэхүү газар олон хүүхдүүдийг өсгөж, амьдралын их далайд гаргажээ.
Одоогийн байдлаар энд 54 хүүхэд өсөж байгаа бөгөөд Монголд байдаг ганц гэр асрамжийн газар гэдгээрээ онцлог. Энэхүү төв нь ашгийн бус сайн үйлсийн байгууллага учир хандиваар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл энэ жил санхүү, эдийн засгийн хувьд хүндхэн байдалд орж, зарим ажилчдаа цомхотгож эхэлжээ. Хэдий тийм ч хүүхдийн инээд цалгих дуу тасраагүй энэ газрын үйл ажиллагааг бид сурвалжиллаа.
ВИДЕО:
-"ОДООГИЙН БАЙДЛААР НАРХАН ГЭР ХОТХОНД 54 ХҮҮХЭД, 10 ГЭРТ АМЬДАР БАЙНА"-
-Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Энд хэд дэх жилдээ ажиллаж байна?
-Намайг М.Урансайхан гэдэг. Кристина Ноблийн хүүхдийн сангийн Нархан төвийн менежер. Энд 18 дахь жилдээ ажиллаж байна. Энэ ажил бол миний хамгийн сайн хийж чадах ажил гэж боддог.
-Одоогоор Нархан гэр хотхонд хэдэн хүүхэд өсөж байна?
-Манайд одоогоор 54 хүүхэд хөгжил хамгааллын үйлчилгээ авч байгаа. Анх байгуулагдахдаа манай төв Монгол гэрт үйл ажиллагаагаа явуулж байсан юм билээ. Одоо ч гэртээ л үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай үүсгэн байгуулагч Кристина гэх эмэгтэй маань монгол гэр амьдрах ухааныг агуулсан оромж гэж үзсэнээс гэрт үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
-Төвөө танилцуулахгүй юу? Бараг хотхон болтлоо хөгжчихсөн юм шиг байна?
-Манай хотхонд таеквондогийн спортыг суурь болгож хичээллэдэг. Мөн эмнэлгийн анхан шатны үйлчилгээ, номын сан, цэцэрлэг, хичээл давтлагын өрөө үйл ажиллагаагаа явуулдаг.
-Нэг гэрт хэдэн хүүхэд амьдардаг вэ. Гэр учраас өвөлдөө халаахад хүндрэл гарч байна уу?
-Манай нэг гэрт таван хүүхэд амьдардаг. Таван гэрийг хабрид халаагуураар халааж байгаа. Өнгөрсөн жил хабрид халаагуураас дөрвөн ширхэг халаагуур хандиваар авсан. Гэхдээ цахилгааны маань чадал арай хүрэхгүй байгаа учраас таван гэр цахилгаанаар халаад бусад нь галлагаа хийдэг.
-"ГЭРТ АМЬДАРДАГ УЧИР ХАЛААЛТ, ХООЛ УНД ГЭХ МЭТ ОЛОН АСУУДАЛ ТУЛГАРДАГ"-
-54 хүүхэд өсгөхөд мэдээж тулгамдаж байгаа, хүндрэлтэй асуудал олон л байгаа байх тийм үү?
-Манайх бол ашгийн бус, шашны бус байгууллага. Хандив тусламжаар үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага. Хичнээн байгууллага ч гэлээ 50 хүүхэд өсгөхөд дутагдах зүйл их гарч ирнэ. Аж ахуйн ажил ихтэй нэлээд том хашаа байгаа. Гэрүүд маань ч байнга арчилгаа шаардаж байдаг. Мөн бид хүүхдүүдээ Монголын дундаж орлоготой өрхийн түвшинд байлгахыг боддог. Хүүхдүүд маань өмсөнө, иднэ, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ авна.
Ядаж л хүүхдүүд маань халаасны мөнгөтэй баймаар байна. Хүүхдүүд маань хэчнээн төвд амьдарч байгаа ч найзыгаа нэг удаа хоолонд даачихмаар гэх мэт нарийн бэрхшээлтэй асуудлууд их гарч ирдэг.
-Танд өөрт тань энэ салбарт ажиллахад хүндрэл тулгардаг уу?
-Хүүхдийн асуудлыг шийдвэрлэх, хүүхэдтэй харилцана гэдэг нэлээд амаргүй. Би энэ ажлыг больчих юм сан гэж зөндөө л бодож байсан. Гэхдээ болиогүй л явж байна. Миний хамгийн сайн хийж чадах ажил бол хүүхдийн арга эвийг олох гэж боддог.
-Төвөөсөө хэчнээн хүүхдүүдийг өсгөж гаргасан бэ. Хүүхдүүдээ явуулахад мэдээж амаргүй байдаг байх?
-Одоогийн байдлаар төвөөсөө маш олон хүүхдүүдийг өсгөж гаргасан байна. Бараг эмээ болчихсон байгаа. Хүүхдүүдээ явуулах мөч мэдээж амаргүй. Гэхдээ тэр нь бас сайхан мөч гэж боддог. Хүүхдүүдээ хүчирхэгжүүлээд, нийгэмд сайн хүн болгоод гаргаад явуулж байна. Нийгэмд хөл алдахгүй, хүчирхэг явбал баярладаг. Төвөөс гарсан хүүхдүүд ер нь харилцаа холбоотой л байдаг. Сайн байгаагаа хэлдэг. Асуудалтай байгаагаа, хичээж байгаагаа бас хэлдэг.
-Энд ирж байгаа хүүхдүүдийн ар гэр ихэнхдээ ямар асуудалтай байна. Мөн хүүхдүүдийн ар гэр, эцэг эхчүүд хүүхдүүдээ авахаар хэр их холбогддог вэ?
-Гэр бүлийн орчинд хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа суурь шалтгаан бол архитай холбоотой. Эцэг эхчүүд хүүхдүүд дээрээ мэдээж ирдэг. Байгууллагын зүгээс гэр бүлийн харилцааг салгаж болохгүй. Бидний эцсийн зорилго бол гэр бүлд нь эргэн нэгтгэх байдаг.
Хүүхдүүд гэр бүлдээ очиж байж л сайн иргэн болно. Одоогийн байгаа хүүхдүүдийн 30 хувь нь ар гэртэйгэээ харилцаа холбоогүй байдаг.
-Өөр өөр орчин нөхцөлд өссөн хүүхдүүд нэг дор амьдрахад үл ойлголцох асуудал гардаг уу?
-Олноороо нэг дор амьдарч байгаа хүүхдүүд мэдээж өөр өөр зан төлөвтэй, асуудалтай, янз бүрийн хэцүү зүйл туулаад ирсэн хүүхдүүд байгаа. Нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй учраас энэ тал дээр нэлээд нарийн ажилладаг. Мөн манай төв хувь хүн байгууллагад байнгын нээлттэй. Хамтран ажиллаж, дэмжлэг авахад бэлэн байгаа гэж ойлгож болно шүү.