ВИДЕО: Манаачаас маркетер болсон "Памбий" нохойг сурвалжиллаа

ВИДЕО: Манаачаас маркетер болсон "Памбий" нохойг сурвалжиллаа

“Манаач нохой 1 өрөө байранд орсон нь” гэх нэртэй рийл бичлэг саяхан цахим орчинд цацагдаж маш их эерэг сэтгэгдэл, хандалт авсан билээ. Тэгвэл бид “Автоком” компанийн манаач нохой Памбий үүрэгт ажлаа хариуцлагатай гүйцэтгэж, эздийнхээ хайр хүндлэлийг хэрхэн хүлээсэн талаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Хүлээн авна уу.

ВИДЕО:

Памбигар буюу Памбийтай та хэзээ, хэрхэн танилцсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би “Автоком” компанийн захирал Э.Эрдэнэ гэж хүн байна. Памбий маань манайд ирээд жил орчим болж байгаа. Гөлөг байхаасаа манай обьект, ойр орчмыг хамгаалах үүрэг гүйцэтгэж ирсэн. Бид нар багаас нь эхлээд тэжээж, хамтран ажиллаж байсан болохоор манай ажилчид бүгдээрээ хайртай байдаг.

-ПАМБИЙ 700 ОРЧИМ МЕТР КВАДРАТ ТАЛБАЙ, ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРАА МАТЕРИАЛЫГ ХАРЖ ХАНДАЖ БАЙДАГ-

Памбийгийн ажлын цаг хэдээс хэдэн цагийн хооронд байдаг вэ?

Памбийгийн ажлын цаг биднийхтэй солигддог. Бид нар ажиллаж байхад Памбий амарч байдаг. Бидний ажлын цаг дуусахад Памбийгийн ажлын цаг эхэлдэг. Памбий маань 700 орчим метр квадрат талбай, тэрбум орчим төгрөгийн бараа, материалыг харж, хамгаалж, санаа тавьдаг. Манай нохой бол үүргээ маш сайн гүйцэтгэдэг гэж боддог. Яагаад гэхээр манай хашаанд гадны болон заримдаа өөрсдийнхөө хүмүүсийг ч гэсэн хамаагүй зүйлд хүрэхээс сэргийлж, харж хандаад байж байдаг.

Памбий одоо хэдэн настай вэ?

Нохой жилд хоёр нас нэмдэг гэж үзвэл Памбий маань одоо гурван нас хүрч байна. Памбий маань энэ жил анх удаа гөлөглөсөн. Анх арван гөлөг гарсан ч харамсалтай нь хоёр гөлөг нь эхээс төрөхдөө их жижиг төрсөн болохоор амьдарч чадаагүй. Одоо найман гөлөг байгаа. Хоёр эр, зургаан эм гөлөг байна.

Яг хэзээ гөлөглөсөн бэ?

Монгол банхар  жилд нэг удаа дүн өвлийн хүйтэнд гөлөглөдөг онцлогтой юм билээ. Памбий маань 2025.01.12-ны өдөр гөлөглөсөн.

Гөлөглөсний дараа хоол идэхгүй, бие нь их сул байсан. Нохой ер нь бол ус нэг их уудаг амьтан биш. Памбий маань гөлөглөснөөс хойш ус их ууж байгаа. Найман гөлөг хөхүүлж байгаа болохоор хүнтэй адил их шингэн алддаг бололтой. Бид ч усыг нь ойр ойрхон сольж уулгадаг. Одоо овоо тэнхрээд хоолоо сайн идэж байгаа. Тийм болохоор бид баярлаад шим тэжээл сайтай хоол өгч байгаа. Одоо бид найман гөлгийг бүгдийг нь эрүүл саруул бойжуулах гээд бүгдээрээ анхаарал хандуулж байна. Өдөрт гэрийнх нь хаалгыг хэд онголзуулж, яаж байна гэдгийг нь харж байдаг.

Үүнээс гадна монгол банхар бол миний л дүгнэлтээр маш ухаантай амьтан. Гөлөгнүүд маань одоо нэг сар ч болоогүй нялх байгаа шүү дээ. Хараад байхад хэвтэр дээрээ төдийлөн шээгээд байдаггүй. Заавал холдож очоод дэвсэж өгсөн картон цаасан дээр бие засаж байгаа харагддаг. Тэр нь их хөөрхөн санагдсан.

-ХҮДЭР, ПАМБИЙ НАР ГӨЛӨГНҮҮДИЙН ХАМТ ГЭР БҮЛЭЭРЭЭ "АВТОКОМ" КОМПАНИЙН АЖИЛЧИД БОЛСОН-

Нохойгоо үржүүлэх төлөвлөгөөтэй байсан уу. Гөлөгнүүд бүгд эзэнтэй болсон уу?

Ер нь анхнаас нь энэ нохойгоо гөлөглүүлье гэж төлөвлөж байсан. Бид ямар ч төлөвлөгөөгүй, нохой маань гэнэтийн байдлаар хээлтээд гөлөглөж байгаа юм биш гэдгийг хүмүүс ойлгоосой. Памбийгийн маань эрэгчин нь манай өөр нэг обьектийг манадаг Хүдэр гэдэг нэртэй маш сүрлэг нохой байдаг. Хүдрээ маань бас их залуу нохой. Энэ жил дөрвөн нас хүрч байгаа. Урьд нь манай энэ обьектийг манадаг байсан. Гөлөгнүүдийн аав Хүдэрээ одоо нас биед хүрсэн учраас гадаа агуулах манаж байгаа. Хүдэр, Памбий хоёрыг бид хоёр талаас нь авчраад үржилд оруулсан. Гөлөгнүүд маань одоо бүгд эзэнтэй болсон байгаа. Нэг гөлөг нь манай энэ обьект дээр ээжтэйгээ хамт хамгаалж үлдэхэд суралцаж, эндхийн манаач болж үлдэнэ. Тэгэхээр удам судраараа манай ажилтнууд болж байна гэсэн үг. Ахиад нэг эр гөлгийг нь өөр обьект дээр манаачаар ажиллуулна. Зургаан охин гөлгийг манай ажилтнууд болон бусад хүмүүс үрчилж авахаар болсон байгаа. Гөлөгнүүд бүгд эзэнтэй болсон гэсэн үг.

-Цахим орчинд “Манаач нохой 1 өрөө байртай боллоо” гэдэг бичлэг маш их хандалт авсан. Памбийг гэртэй болгосон түүхээсээ хуваалцахгүй юу?

Памбийгийн гэр урьд нь манай агуулах байсан. Бид Памбийдаа зориулж агуулахаа зайчлаад, дулаалж, засаж янзлаад нэг өрөө байр болгоод нохойгоо гөлөглөхөөс нь өмнө оруулсан.

Би гэхдээ энэ явдлыг онцгой гойд хүнлэг сэтгэл гэж яримааргүй байна. Ер нь бол нохой тэжээдэг, нохой хайрладаг хүн бүхэн л ийм байх хэрэгтэй гэж би боддог. Нэгэнт л энэ нохойг тэжээж байгаа, энэ нохойгоо гэр бүлийнхээ, хамт олныхоо нэг хэсэг гэж хүлээж авч байгаа бол хамт олны чинь нэг хэсэг, гэр бүлийн чинь нэг хэсэг л төрж байгаагаас ямар ч ялгаагүй. Тийм болохоор хариуцлагаа үүрээд, үүргээ биелүүлээд гөлөглөх үед нь дулаахан газар бэлдээд оруулсан хэрэг.

Бичлэг дээр гурван хүн гөлөгний дуунаар гүйж очиж байгаа харагддаг. Ажилчид нь бас их хүлээлттэй байсан болов уу?

Тэгэлгүй яахав. Нэг хөгжилтэй юм ярихад, Памбийгийн гөлөглөх хоног нь ойртоод гэдэс нь цүдийгээд, хөдөлгөөн нь удаашраад хэвтээд байсан. Манайхан чинь бас гадагшаа дотогшоо ажилтай их явна. Тийм болохоор биднийг байхгүйд Памбий маань гөлөглөчих вий гэж их санаа зовж байсан. Манай ажилтнууд ч хоног тоолоод л хүлээж байсан. Харин ашгүй бид нарыг байхад Памбий маань гөлөглөсөн. Өглөө манай гурав хамгийн түрүүнд ирээд цагаа бүртгүүлэх гээд хуруугаа уншуулж байхад нь энэ өрөөнөөс гөлөгний чимээ гарсан юм билээ. Тэгээд манай гурав баярлаад нэг нь гэрэл асаахаа, нөгөө хоёр нь тэр өрөө рүү гүйж байгаа дүрс хяналтын камерт үлдсэнийг нь бид үзээд үнэхээр хөөрхөн санагдаад рийл болгоод оруулчихсан чинь хандалт их авсан.

-МАНААЧААС МАРКЕТЕР БОЛСОН ПАМБИЙ-

Тэгэхээр одоо Памбий танай байгууллагын нэг ажилтнаас ялгаагүй болжээ тэ?

Манайх нийтдээ 20 орчим ажилтантай. Энэ салбар дээр 7-8 хүн ажилладаг. Тэд нар маань бүгдээрээ л энэ хаалгыг чинь байн байн онголзуулаад гөлөгнүүд нь яаж байна, ус нь дуусчихсан байна уу гээд анхаарал хандуулж байна. Памбийг хооллох болохоор бүгдээрээ хоолыг нь өгөх гэж уралдана. Яагаад гэхээр Памбийд сайн нэр олж авах гээд байгаа байхгүй юу. Памбий маань манай дээр харуул хамгаалалтын чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэдэг болохоор тийм ч сайхан ааштай биш. Тийм учраас шинээр орсон ажилтнуудыг танихгүй байх тохиолдол ч гардаг. Тэгэхээр шинэ хэд маань Памбийд өөрийгөө таниулах гээд, “нүүр” олж авах гээд “Би хооллоё” гэж уралддаг.

Манаачаас маркетер болсон нохой гэдэг бичлэг танай цахим хуудаст бас харагдсан. Памбийгийн бичлэг та бүхэнд тодорхой хэмжээнд маркетингийн дэмжлэг үзүүлсэн болов уу?

Бид чинь ерөнхийдөө бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс шүү дээ. Зардал гаргаад янз бүрийн сурталчилгаа, маркентингийн юмнууд хийнэ. Памбийгийн гөлөглөсөн тухай  бичлэг бидний фэйсбүүк дээр мөнгө төлөөд сурталчилгаа хийж байсан бүх бичлэгүүдээс органикаараа хамгийн их хандалт авсан бичлэг болсон. Ойролцоогоор бараг 6 сая орчим хүн үзсэн байх гэж бодож байна. Памбийгийн дүрс бичлэг манай пэйж хуудасны хандалтад бас маш их нөлөөлсөн. Тэр бичлэгнээс хойш 20 мянга орчим лайк авсан байх гэж бодож байна.

Памбий маань маш сайн маркетингийн ажилтан гэдгээ батлаад зургаа долоо хоногийн дотор 20000 лайк бидэнд авчирч өгсөн дөө.

Та багаасаа амьтанд хайртай хүн байв уу. Памбий, Хүдэр зэрэг монгол банхарыг яагаад тэжээх болов?

Би багаасаа олон амьтан тэжээж байсан. Ер нь нэг зүйлийг хандаж хэлэхэд амьтныг хайрлаж, энэрч амьтныг өөр шигээ санаж хайрлаж энэрсэн хүмүүсийн ажил үйлс ч гэсэн сайхан бүтэмжтэй байдаг юм шиг санагддаг. Бусад хүмүүс маань ч гэсэн амьтныг хайрлаж энэрч, сайхан харилцах нь өөрт нь эргүүлээд сайн сайхан зүйл болж ирдэг гэж боддог. Та бүхэн минь гудамжинд ямар нэгэн даарсан бээрсэн доголсон янз бүрийн амьтны зулзага, амьтантай таарвал боломжтой бол дулаан газарт оруулаад ч юм уу нэг удаа хоол өгч байгаарай. Амьтныг хайрласан буян нь танд эргээд ирэх болно гэдэгт би итгэлтэй байдаг.