Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Азийн улс орнуудын "Цагаан сар"-ын баяр эхэлсэн билээ. Тэгвэл энэ өдөр мөн манай улсад монгол шар зурхайг дагаж "Цагаан сар"-ын шинийн нэгний өглөөг угтаж, зүг мөрөө гаргаж, "Цагаан сар"-ын баяраа тэмдэглэсэн хүмүүс цөөнгүй байна. Тэдний нэг "Монгол малчин" сэтгүүлийн эрхлэгч Сугар-Очирын Мөнхжаргалынд бид зочилж, дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Хүлээн авна уу.
ВИДЕО:
Юуны өмнө танд сар шинийн мэнд дэвшүүлье. Таны хувьд монгол шар зурхайгаар хэзээнээс, яагаад "Цагаан сар" тэмдэглэж эхэлсэн бэ?
Миний аав хөдөлмөрийн баатар Сугар-Очир гэж хүн байдаг. Аав маань од сар их сайн судалдаг хүн л дээ. Аав энэ жил 70 хүрч байгаа. Айл амьтанд очихдоо хүүхдийн хөлсөө гаргаж, засал хийдэг, зүгээр ч үгүй хүн байсан. Би эцэг эхээс арвуулаа. Миний санаж байгаагаар 15, 16 жилийн өмнө аав, “Зөрчлөө, Энэ жил зөрж шинэлнэ” гэсэн. Тухайн үед бид "яагаад ингэж байгаа юм болоо" гээд гайхсан. Тэгээд битүүний өдөр аав тайлбарлаж өгсөн. Өнөөдөр битүүн. Маргааш шинийн нэгэн. Нөгөөдөр шинийн хоёрны өдөр. Шинийн хоёрны сар гарна гэсэн. Тэгээд Шинийн есөнд ахиад тайлбарлаж өгсөн. Шинийн есөнд од сар мичид тохиодог юм байна л даа. Энэ бол одоо яг хаврын тэргүүн сараараа тохиож байгаа юм. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд л шинэлэх ёстой. Л.Тэрбиш гуайн зурхайтай зөрчихлөө, одоо ингээд ёсоо үйлдэе" гэж аав хэлж байсан. Тэгээд бид ч од сар мичид ээ хараад итгэсэн л дээ. Тэгэхээр сүүлийн арав гаруй жил ингэж ёс үйлдэж байгаа юм байна.
-Монгол шар зурхайгаар өчигдөр битүүний өдөр тохиосон юм байна. Та өчигдөр орой ямар ямар ёс үйлдэв. Энэ өдөр од сарны байрлал ямар байв?
Өчигдөр бол тэнгэр их сайхан цэлмэг байсан. Битүүн учраас сар байхгүй байсан. Баянхонгорынхон битүүний өдөр хиншүү гаргах ёстой гээд хуушуур хайрдаг. Толгойгоо чанасан. Үүр шөнө заагдахад хонины толгой заадаг уламжлалтай учраас. Тэрийгээ сайхан бэлдсэн. За тэгээд цайгаа чанаад, хайлмагаа хайлсан. Мэдээж, гэр орноо цэвэрлэж аваад ариулаад, Бурхан тахилынхаа тавгийг засаад Бурхандаа цай, хуушуурны дээжээ өргөөд амарсан.
Тэгвэл шинийн нэгний өглөө ямар ямар ёс үйлдэв?
Ламын гэгээний нутагт үүр хаяарах цагт эрүү толгой заадаг. Тэр ёсоороо толгойгоо заагаад, зүг мөрөө гаргаад, цайгаа чанаж уугаад шинийн нэгний өглөөг угтсан. Гэр бүлийнхэнтэй золгодог учраас хүүтэйгээ золгоод байна. Манай ах дүү нар зайтай учраас би ах дүү нар луугаа явж чадахгүй байна. Үдээс хойхно ажлынхантайгаа очиж золгох байх. Аавынхаа захисны дагуу бид зөв өдрөө зүг мөрөө гаргаж, ариулах ёс номоо хийж, эрүү толгой заах ёсоо үйлдэж байх нь зөв юм байна гэж боддог. Энэ жилийн хувьд би ажил их болохоор гэр лүү гээ явж шинэлж чадаагүй.
-Гуравдугаар сарын нэгэнд энэ жил нийтээрээ Цагаан сараа тэмдэглэхээр байгаа шүү дээ. Тэр өдрүүдийг та бүхэн хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Мэдээж олон нийтийн золголт болж байхад манайх Цагаан сараа хийчихсэн гээд суугаад байж болохгүй. Нийтийнхээ жишгээр золгоод, ууцаа тавиад идээгээ засахдаа засаад явчихдаг. Зөв өдрөө бид нар зүг чигээ гаргаад, гэр бүлээрээ золгоод бэлэг сэлтээ солилцоод өнгөрдөг.
Гурван сарын нэгэнд нийтийн жишгээрээ гэхдээ зүг мөр гаргахгүй, толгой заах ёсоо хийхгүй. Яг ижилхэн ууц, тавгаа засдаг. Аав бол хөдөлмөрийн баатар учраас есөн үеэр идээгээ засаад, ууцаа юм уу өвчүүгээ тавиад олон нийтийн жишгээр золгоод явдаг.
-Өнөөдөр таньтай адил шинэлж байгаа хүмүүс бас олон байх шиг анзаарагдлаа. Та бүхэн хоорондоо холбоотой байдаг уу?
Сүүлийн үед өнөөдөр надтай ижилхэн шинэлж байгаа хүмүүс маш олон байна. Олны, малчдын мэддэгээр Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн ах маань өглөө ёсоо хийсэн гэж байсан. Ер нь бол энэ жил өмнөх жилүүдээсээ нилээн олон хүн өнөөдөр шинэлж байгаа юм байна гэж анзаарсан. Олны танил хүмүүсээс “Урлах эрдэм” сургуулийн захирал Г.Тунгалаг эгч сүүлийн жилүүдэд энэ шар зурхайгаар явж байгаа. Дуучин Х.Батмэнд бас шинэлж байх шиг байсан. Чатаар холбогдоод л сайхан шинэлж байна уу гээд мэнд мэдэлцээд явж байгаа. Бид чинь битүүний өдрөөс л эхэлсэн шүү дээ. Танайх юугаа зассан, манайх энийгээ зассан гээд л. Лосолын Болдбаатар гавьяатынх бас өнөөдөр шинэлж байгаа юм билээ. Нутаг нутгийн ёсоороо хийж байгаа юм билээ. Л.Болдбаатар Увсынхаа ёсоор, Х.Батмэнд Говь-Алтайнгаа ёсоор, Г.Тунгалаг эгч Улаанбаатарынхаа ёсоор, би Баянхонгорынхоо ёсоор хийж байх жишээтэй.
-Танай аав ээж, хөдөөх гэр бүлийнхэн өнөөдөр бас золгож байгаа гэсэн үг үү?
Аав арав гаруй жил ингэж ёс үйлдсэн болохоор нутгийнхан Сугар-Очир баатар хэдэнд шинэлж байна гээд асууж байгаад бүгдээрээ бэлдээд тэр хавийнх нь, нутаг нугынх нь тэмээчид ирээд золгодог.
Бид чинь монгол хүмүүс болохоор Буддын шашин, тэнгэр шүтлэгтэй. Шинийн нэгний өглөө Баянхонгорынхон, Ламын гэгээнийхэн үүр шөнө заагдах мөчид хонины толгой заадаг. Эрэгтэй хаалганы гадна зогсоод, эмэгтэй нь гэрийн хүн гэдэг утгаараа дотор талдаа зогсоод толгойгоо заадаг. Толгойгоо заагаад эрүүг нь гэр бүлээрээ идээд, толгойг нь Бурхандаа тавьдаг. Толгойныхоо нүд, хамрыг ингэний аарцаар бөхлөх ёстой. Би хотод байгаа болохоор бөхөлж чадаагүй. Манай хөдөө гэрийнхэн битүүний орой тогоо дүүрэн ингэний сүүгээ хөөрүүлээд ингэний өрөм гаргадаг. Нар мандахаар тэмээтэй зүгээ гаргана. Зүгээ гаргачихаад өөрийгөө болоод гэр орноо ариулдаг. Иймэрхүү л ёс үйлддэг. Өглөө тэмээндээ мордоод зүгээ гаргадаг. Манайхан тэгж золгосон. Мэдээж тэнгэр хангайдаа мөргөдөг. Сая золгох гээд залгасан чинь утас нь холбогдохгүй байна. Бодвол бүгдээрээ зүг мөрөө гаргана гээд уул хадандаа гарсан байх.
Өнөөдөр таны хувьд хаврын тэргүүн сар гарч байна. Монголчууд бид жилийн өнгөө шинждэг шүү дээ?
Тэмээчин хүмүүсийн хувьд бол байгаль цаг уурын жилийн өнгийг буураараа шинждэг. Буур хаашаа харж хэвтэж байгааг хардаг. Тэмээ их зөнтэй амьтан гэж үздэг. Өглөө би хөдөө тэмээн дээр байдаг ахтайгаа ярьсан. Буур маань хойшоо харж хэвтсэн байсан гэсэн. Тэгэхээр сайхан жил болно гэж итгэж байна. Энэ жил манай нутаг зудтай байгаа. Хичнээн зудтай ч гэсэн дажгүй даваад гарна гэж үзэж байгаа. Буур хойшоо харж хэвтсэн байсан. Тэгэхээр говийн аймаг, төвийн аймгууд хойд чиглэлд нь өнтэй байх нь гэж бид нар үздэг. Шинийн нэгний өглөө манайхан буураа мялаагаад, хотоо ариулаад эхэлдэг.
-Өнөөдөр шинэлж, золгож байгаа хүмүүст олон нийт таагүй хандаж байх шиг санагдсан?
Шинэлж байгаа нь тэр л биз. Гурван сарын нэгэнд зүгээ гаргах бол тэр л биз. Аль ч утгаар нь бодсон шинийн нэгэнгүй шинийн хоёрон гэж ямар юм байх вэ гэдгийг бол эрүүл ухаантай хүмүүс бол бүгд л бодож байгаа байх. Гурван сарын нэгэн чинь шинийн хоёрон байгаа шүү дээ. Шинийн хоёрны сар хараад эхлэх юм уу. Мөрөө битүүнд нь гаргах юм уу. Би бол тэрийг үнэхээр ойлгохгүй байгаа. 17 дугаар жарны түүхэндээ бид гуравдугаар сард шинэлж байгаагүй юм билээ. Гурван сарын нэгэнд ес дуусчихсан, яалт ч үгүй байгалийнхаа хуулиараа хаврын дунд сард орчихоод байна. Хаврын эхэн сарын шинийн нэгэнд шинэлэх ёстой байхад тэгж таараад байна.
Тэгэхээр хүмүүс жаахан уужуу ухаантай хандаасай. Өнөөдөр би нэг сарын 29-нд шинэллээ гээд надтай бүгд ижилхэн шинэлэх албагүй. Хүний эрхийг хүнд нь үлдээгээсэй гэж бодож байгаа.
Могой жил гарч байна. Энэ жилдээ монголын ард түмэн эрүүл энх, сайн сайхан, амжилттай байх болтугай гэж хүсэн ерөөе.