Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийг аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа “Дронкон 2025” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү тэмцээний мэргэжлийн ангилалд 16 настай О.Эрдэмтулга хүү түрүүлж, хамгийн залуу аваргаар тодорсон юм.
О.Эрдэмтулгын хувьд Нийслэлийн Ерөнхий боловсролын 23-р сургуулийн 11 дүгээр ангид сурдаг бөгөөд аавыгаа дагаж, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон сонирхсоор багаасаа хоббигоо болгож, өнгөрсөн жилээс эхлэн өөрөө дрон угсарч эхэлжээ.
ВИДЕО:
-Анх хэзээнээс дрон сонирхож эхэлсэн бэ. Хэн зааж зөвлөдөг байв?
-Дроныг анх зургаадугаар ангиасаа эхлэн сонирхож, нисгэж сурч байсан. Багаасаа техникm илүү сонирхолтой байж, код хүртэл бичиж сурсан. Аав маань алсын удирдлагатай техникийн спортод дуртай байсан болохоор би багаасаа л аавыгаа дагаж, энэ төрлийн хоббиттой болсон. Аавтайгаа хамт байх тусам л дрон илүү гоё, илүү сонирхолтой санагдаж эхэлсэн. Нэг л мэдэхэд аавыгаа дагаж явсаар өөрөө дрон нисгээд сурчихсан байсан даа.
-Хэзээнээс дрон угсарч эхэлсэн бэ?
-Өмнө жилээс эхлэн өөрөө уншиж, ойлгож, судалгаа хийж, өөрөө угсарч эхэлсэн. Өмнөх дронуудаа байнгын л бүтнээр нь авдаг байсан бол одооноос эхлээд өөрөө бие дааж, бүх зүйлээ хийж байгаа. Харин дрон нисгэж сураад зургаан жил болж байна.
-Дроныхоо эд зүйлсийг хаанаас авдаг вэ?
-Дроныхоо төхөөрөмжийг тусад нь энд тэндээс цуглуулж авдаг. Нэг нэгээр нь цуглуулж авбал надад илүү хямд тусна.
Энэ дроныхоо хувьд эд эс бүрийг өөрөө судалж байгаад, Хятад сайтаас захиалж авчирч байсан.
-Хэр хугацаа зарцуулав?
-Энэ дроны хувьд өнгөрсөн жилийн өвөл судалгаагаа хийж эхлээд хамгийн гоёыг бүртээхийг зорьж, түрүү жил захиалаад энэ жил угсарсан. Дроноороо байгалийн үзэсгэлэнт газрын зургийг аль болох гоёор авахыг зорьж хийсэн.
-Өөрийн тань зохион бүтээсэн дрон ямар хүчин чадалтай, хэдэн км радиуст нисэх хүчин чадалтай вэ?
-Дроны маань баттерейны хувьд 22.2 вольтын хүчин чадалтай. Энэ батерейтэй тав орчим минут жирийн нислэг хийж, бичлэг хийх боломжтой байдаг. Харин сэнснийхээ сонголтыг моторонд нь тааруулж, судалж байгаад авсан. Моторын хувьд 1900 кв буюу бусад моторуудаас арай илүү хүчин чадалтай учраас нисэх үед чичрэх үйлдэл нь багасдаг гэж ойлгож болно.
Мөн дрондоо дижитал камер ашигласан. 3-5 км дотор асуудалгүй нислэг хийх боломжтой.
-Өөрийнхөө хийсэн дроныг анх нисгэж үзээд ямар мэдрэмж төрж байв?
-Дроноо угсраад анх нисгэх мөчид “би энэ дроныг зохиочихсон уу” гэсэн бодол төрсөн.
-Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн өөр шиг тань дрон сонирхогч хүүхэд залууст хэр өгөөжтэй санагдав. Мөн түрүүлэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Саяны тэмцээнд оролсон хамгийн залуу хүн нь би байсан байх. Монголд дроныг хөгжүүлж байгаад маш их баярлаж байгаа. Саяны тэмцээнд оролцоод бариандаа ороход үгээр хэлэмгүй гоё мэдрэмж төрсөн. Танихгүй олон хүмүүс ирж баяр хүргээд, тэр өдөр зүүд юм шиг л өнгөрсөн дөө.
-Аавдаа л хэлэх үгтэй болж дээ. Тийм үү?
-Тийм. Тэмцээний үед аав маань яг л хажууд байсан. Өнгөрсөн хугацаанд ч хажууд байсан. Сая ялахад ч хажууд л байлаа.
-Өмнө нь дрон хийж байсан уу?
-Дрон угсрахын тулд маш их судалгаа хийх хэрэгтэй л дээ. Бас босгож байгаа дроныхоо төрлийг мэдэхгүй бол болохгүй. Энэ дроноос өмнө нь дахиад хоёр дрон угсарч байсан. Тэр хоёрыг зөвхөн уралдааны зориулалтаар ашиглах байсан учраас огт өөрөөр угсарч байсан.
-Энэ дроноороо юу хийхээр төлөвлөж байна даа?
-Энэ дроноор байгалийн үзэсгэлэнт газруудаар явж, хүний хийх боломжгүй бичлэгийг хийх гэж үзнэ дээ.
-Монголд энэ төрлийн дрон хийхэд саад бэрхшээл тулгарч байна уу?
-Монголд дроны парт, мотор, сэнс үйлдвэрлэдэг газар байхгүй учраас одоогийн байдлаар дотооддоо хийх боломжгүй. Гэхдээ Монголын инженерүүд өөрсдөө онгоц, нисгэгчгүй төхөөрөмжийг хийсэн байна лээ. Гэхдээ миний хийсэн шиг энэ төрлийн дроныг хийх боломж бага. Учир нь энэ төрлийн дрон Монголд нэг их хөгжиж эхлээгүй.
-Дрон нисгэж байгаад осолдуулж байсан тохиолдол гарч байсан уу?
-Анх нисгэхэд мэдээж маш их айдаг байсан. Одоо ч айдаг. Яагаад гэвэл дрон хэрвээ хүн дээрээс унавал чулуу унаж байна л гэсэн үг. Тийм болохоор хүмүүс ихтэй газар нисгэлгүй ихэнхдээ хөдөө, хотоос гадуур нисгэдэг. Дрон нисгээд юм мөргөх, чулуун дээр унагаж эвдлэх явдал бишгүй гарч байсан.
-Монголд энэ төрлийн спорт хөгжихөд хэр ойрхон байна гэж харж байна вэ?
-Солонгостой дрон хийх үйлдвэр байгуулах гэрээгээ баталчихсан байна лээ. Тийм учраас манай улсад энэ төрлийн спорт хөгжиж эхэлж байна гэж ойлгож байгаа. Одоогоос таван жилийн дараа ч юм уу хүссэн дроноо угсарч болох байх гэж боддог.
-Цаашдын зориолгоосоо бидэнд хуваалцахгүй юу?
-Улсын аваргаа авчихсан юм чинь цаашдаа Ази руу, олон улс руу гарах сонирхолтой байгаа.