Д.Амарбаясгалан: Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах шаардлага бий

Д.Амарбаясгалан: Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах шаардлага бий

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.

Тэрбээр "Улс төрийн тогтолцооны цогц өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан шинэ парламентын бүрэлдэхүүн анхдугаар чуулганаар ард түмний сонголтын үр дүнг баталгаажуулан, Монгол Улсын Засгийн газрыг эмхлэн байгуулсан бол ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотгол зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.

Ээлжит чуулганы чөлөө цагт Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй өрнөж, Та бид ард иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал бодлыг нь сонсож, Улсын Их Хурлын харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, гадаад улсаас Монгол Улсад  суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, парламентын бүлгэмүүдээ байгууллаа.

Энэ намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж, солонгоруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай байна.

Учир нь манай улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлтүүд гарч олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хүргэж ахиуллаа. Бүс нутгийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт илүү байж, бидний хийсэн ажил, хүрсэн үр дүн энэхүү зээлжих зэрэглэлд нөлөөлж, орлогоо төрөлжүүлэх боломжийг нээж өглөө.

Хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хууль нь улс орны хөгжлийг шинэ шатанд гаргах, их бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10,000 ам.долларт хүргэх дунд хугацааны зорилтыг биелүүлэхэд мөн чиглэгдэж байна.

Иймд, намрын чуулганаар хэлэлцэх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжууд нь ирэх 4 жилийн хөгжлийн ерөнхий хандлага, эдийн засгийн өсөлтийг тодорхойлох тул Улсын Их Хурлын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвчлан судалж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд болох эрсдэлийг урьдчилан тооцож ул суурьтай хандах шаардлагатай байна.

Эрхэм гишүүд ээ,

Бидний гадаад орчинд, дэлхий дахинаа томоохон хүчнүүдийн геостратегийн өрсөлдөөн өрнөж, олон улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөлж байна. Иймд, төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхдээ гадаад хүчин зүйлсээр нөхцөлдүүлсэн эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, сэргэж байгаа эдийн засгийг цаашид тогтвортой хадгалж, иргэдийн бодит орлогыг хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах учиртай.

Та бид Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг хууль эрх зүйн болон  бодлогын гол бичиг баримтыг үндэс болгон, эх орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн, төр улсын хөгжилд хөтлөх асуудалд илүү няхуур хандах шаардлагатай байна.

Энэ цаг үед байгуулагдсан 5 намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентыг иргэдийн зүгээс илүү нээлттэй, ил тод байх, Улсын Их Хурлын гишүүний чиг үүрэгтээ ажил хэрэгч, хариуцлагатай хандана гэсэн өндөр хүлээлт нийгэмд үүссэн байна.

Иймд, энэхүү хүлээлтэд хүрч ажиллахыг зорихоос гадна, хуучин сэтгэлгээнээсээ ангижирч, улс орны дотоод, гадаад бодлогыг тодорхойлох төрийн эрх барих дээд байгууллагын хувьд илүү шинэлэг, үр нөлөөтэй ажиллах хэрэгцээ шаардлага нийгмийн хөгжил, техник технологийн дэвшилтэй холбогдон гарч байна.

Өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнүүлж, сонгогчдодоо тайлагнахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салж, санаачилж батлуулсан хуулиудын нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, чанар, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшилтэд хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсон.

Хууль бол иргэдийн амьдралд шахалт, дарамт биш харин амьдрал нь өөдөө дээшлэхэд дэмжин туслахад чиглэж байх учиртай. Тиймээс Улсын Их Хурлын даргын хувьд эргэх холбоотой парламентыг төлөвшүүлэх, хүн төвтэй хууль тогтоох ажиллагааг хөгжүүлж хуулийг чанаржуулахад тууштай анхаарч ажиллана.

Монгол Улсын Их Хурал эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, Монголын ард түмний засаглах эрхийг хангах учиртай.

Улсын Их Хурлын даргын хувиар парламент бүрэн эрхийнхээ хугацаанд “ХҮН ТӨВТЭЙ ХУУЛЬ” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; “ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ХУУЛЬ” буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; “ИЖ БҮРЭН ЗОХИЦУУЛАЛТТАЙ, ОЙЛГОМЖТОЙ ХУУЛЬ” буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг санаачлан эхлүүлээд байна.

Бидний “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн зорилго хэрэгжих аваас, нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдлыг үндсээр нь халах болно.

Энэхүү зорилгыг бодит болгохын тулд хэрхэн ажиллах, ямар зорилт дэвшүүлэх тухай Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд баяжуулан тусгаж хэлэлцэхээр төлөвлөж байна.

Улмаар, Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1-д заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 54 ажлын хэсэг ажилдаа эрчимтэй ороод байгааг дуулгахад таатай байна.

Улсын Их Хурлын гишүүд ээ, хууль, тогтоол батлах нэг хэрэг. Хууль хэрэгждэггүй бол тэр ердөө л тунхаг болдог. Иймд цаашид хуулийн чанарт онцгой анхаарал хандуулж, батлагдсан хууль тогтоомж хүн бүрд адил, тэгш үйлчилдэг, хэн нэгэнд зүй бус давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой.

Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн олон нийт, ард иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаад байгаа асуудлыг жижиг гэлтгүй мэдэрч, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар санал, санаачилгатай ажиллах шаардлагатай байна. Гэхдээ зөвхөн өнөөдрөөр сэтгэж, олон нийтийн дунд нэр олж авахын төлөө бус ирээдүй хойч үеэ бодож, нийтийн хөрөнгө нөөцийг зөв тооцоолж, хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд ажилдаа бүрэн төвлөрч, ажиллах ёстой гэдгийг анхааруулъя.

Намрын ээлжит чуулганаар Та бүхэндээ Улсын Их Хурлын даргын хувьд, илүү мэргэжлийн бүтээлч байж, ил тод, нээлттэй, шинжлэх ухаанч хэлэлцүүлгийн үр дүнд цагаа олсон, бодитой, үр ашигтай бодлогыг дэвшүүлж, хяналт тавьж, дүгнэж чаддаг шинэ цагийн улс төрийн соёлын төлөө хамтран ажиллах цаг үе ирснийг дурдаж байсан.

Иймд, эвийг эрхэмлэж, эрх ашгийн эрэмбээ санаж, иргэдийнхээ хүлээлгэсэн итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн, ажил хэрэгч, үр бүтээлтэй хамтран ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Засгийн газар, бүх шатны төрийн байгууллагууддаа уриалж байна" гэлээ.