Адууч Б.Ариунболд: “Сайн уу ээж ээ” гэх дуу маань тайзан дээр гараад ээжийгээ бодох төдийд л сэтгэлээс минь урсан гарсан

Адууч Б.Ариунболд: “Сайн уу ээж ээ” гэх дуу маань тайзан дээр гараад ээжийгээ бодох төдийд л сэтгэлээс минь урсан гарсан

Дуу бол хүний сэтгэл зүрхний угаас, мэдрэмжийн голидрогын дагуу урсан гардаг зүйл. Бид дуугаар дамжуулан хэн нэгэнд хэлэхийг хүссэн зүйл, илэрхийлмээр байгаа мэдрэмжээ уламжилдаг. Тэгвэл бид энэ удаагийн “Social ID” буландаа төрсөн мэдрэмжээ тухайн агшинд нь “Freestyle” болгон илэрхийлдэг Б.Ариунболд буюу Адуучийг онцоллоо.

ВИДЕО: 

-ӨӨРТ ТОХИОЛДСОН ХЭЦҮҮ БОЛОН ЖАРГАЛТАЙ МЭДРЭМЖЭЭ ТАРХИНДАА БУУЛГААД ҮГЭЭРЭЭ ИЛЭРХИЙЛДЭГ-

-Сайн байна уу? танд өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач

-Сайн байцгаана уу? намайг Ариунболд гэдэг. Хүмүүс Адууч гэдэг нэрээр сайн мэддэг. Одоогоос арваад жилийн өмнө хип хоп бүжиг бүжиглэдэг байж байгаад реп хийе гэж шийдээд дуулж эхэлсэн.

-Дуулах үедээ ямар мэдрэмж авдаг вэ? Мөн энэ дуунуудаа юунаас санаа авч хийдэг талаараа яриач

-“Freestyle”хийх үедээ маш ихээр аз жаргалыг мэдэрдэг. Өөрт тохиолдсон хэцүү болон жаргалтай мэдрэмжээ тархиндаа буулгаад үгээрээ илэрхийлдэг.

-Анх яагаад Ариунболд гэх нэрээ Адууч болгох болов?

-Багаасаа л хурдан морь унадаг хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл адуутай их ойрхон өссөн гэж хэлж болно. Мөн адуу хийморьтой амьтан болохоор адуучин гэх үгтэй зүйрлэж Адууч гэх нэрийг өөртөө өгсөн.

-Таны хувьд бага наснаасаа хойш олон төрлийн ажил хийж байсан гэсэн. Ямар ямар ажил хийж байсан бэ?

-Маш олон төрлийн ажил хийж байсан. Жишээ нь гэвэл барилга дээр туслах, дэлгүүрт худалдааны зөвлөх, мужаан гэх мэт. Одоо бараа ачигч, туслах гэсэн ажил хийж байна. хүн ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийхэд ажлын хамт олны харилцаа, хандлага хамгийн чухал гэж боддог.

-Хүн бүрд үлгэр дуурайлал авдаг хүн байдаг шүү дээ. Таны хувьд ямар хүнээс хамгийн их үлгэр дуурайлал авдаг вэ?

-Үлгэр дуурайлал авдаг олон хүн байгаа. Зөвхөн уран бүтээлчдээс гадна хамт ажилладаг, зөвлөдөг ах нараасаа үлгэр дуурайлал аваг. Мөн өөрөө ч гэсэн дүү нартаа болон үеийн залуучууддаа зөв үлгэр дуурайлал болохыг хичээдэг.

-ЭХНИЙ ЗОРИЛГО МААНЬ ЭНЭ ОНДОО БАГТААД ГЭР ХУДАЛДАЖ АВААД ТУСДАА ГАРАХ. ХЭРВЭЭ ӨӨРИЙН ГЭСЭН ГЭРТЭЙ БОЛЧИХВОЛ УРАН БҮТЭЭЛДЭЭ АНХААРЧ БОЛОХ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙГАА-

-Найз охинтой гэсэн түүнийхээ тухай яриач?

-Найз охинтойгоо анх 2021 онд танилцаж байсан. Тэгээд 2023 онд цэрэгт яваад тангаргийн баяраар найз охин маань надад үерхэх санал тавьж байсан юм. Би уг нь эртнээс л түүнд сайн болчихсон байсан л даа. Цэргээс халагдаж очоод үерхэх санал тавина гэж бодсон ч тэр маань түрүүлээд гуйчихсан.

-Адуучийн хамгийн эхний зорилго нь вэ? Мөн юу хүсэж мөрөөддөг талаараа манай уншигчдад яриач

-Эхний зорилго маань энэ ондоо багтаад гэр худалдаж аваад тусдаа гарах. Хэрвээ өөрийн гэсэн гэртэй болчихвол уран бүтээлдээ анхаарч болох байх гэж найдаж байгаа. Хэрвээ бүтчихвэл намар есөн сараас бодсон гурван дуугаа хийнэ гэж бодож байгаа. Харин ирээдүйд олонд танигдсан, өөрийнхөө мэдэрч байгаа зүйлийг бусдад хүргэж чаддаг уран бүтээлч болохыг мөрөөддөг. Хамгийн сүүлд дуулсан “Сайн уу ээж ээ” гэсэн Freestyle маань хамгийн ихээр сэтгэлд үлдсэн. Яагаад гэвэл маш олон дуу хийж байсан хэр нь ээждээ зориулж ганц ч удаа дуулж байгаагүй юм байна лээ. Тэр үед л ээждээ хэлэхийг хүссэн бүр зүйлээ дуугаараа дамжуулж хэлж чадсан.

-Нэг дуулсан дуугаа дахиж дуулдаггүй гэж сонссон. Яагаад гэдэг талаараа ярьж болох уу?

-Би өөрийгөө нэг хийсэн юм аа ахиж давтаж чаддаггүй гэж боддог. Яагаад гэвэл тухайн үед мэдэрсэн мэдрэмжээ шууд гаргах нь илүү амьд санагддаг. Дуу бадагтай, дахилтай байдаг бол миний хийдэг зүйл бадаггүй, дахилтгүй гэхдээ дахин давтагдашгүй гэж хэлмээр байна.

-Амьдралын тань хамгийн үнэ цэнтэй хүн тань хэн бэ?

-Хамгийн хайрлаж нандигнадаг хүн маань миний ээж. Намайг бага байхад айлд өргүүлсэн хэдий ч тухайн үед түүнээс өөр арга байгаагүй гэж боддог. Өмнө нь бага зэрэг гомддог байсан ч одоо гомдохоо больсон. Яагаад гэвэл 15 насандаа төрсөн ээж аав дээрээ ирээд жинхэнэ амьдрал ямар байдаг болохыг мэдэрсэн.

-Хүн бүрд мартаж чаддаггүй муухай дурсамж, бодох төдийд л сэтгэл өвддөг зүйл байдаг шүү дээ. Та ийм мэдрэмж хэр олон авч байв?

-Бодох төдийд гутардаг зүйл бол архи. Бага байхад гэрийнхэн маань архины хамааралтай байсан юм. Түүнээс болж ээж ааваасаа хөндийрсөн. Би хувьдаа архийг голоосоо жигшдэг. Хүн өөрөө тааруулж хэрэглэж чаддаг бол болохгүй зүйл байхгүй л дээ. Гэхдээ тэгж чаддаггүй юм байна лээ.

-Хэн нэгэнд зориулж сэтгэлийн үгээ хэл гэвэл хэнд хандаж, юу хэлмээр байна?

-Надад 17 настай эмэгтэй дүү бий. Хэдийн миний дүү бага насандаа ээж болсон ч гэсэн түүнд буруу өгөхийг хүсдэггүй. Хийх ёстой зүйлээ хийж чадаж байвал хамаагүй биз дээ. Мөн дүүдээ маш их хайртай шүү. Ах нь үргэлж ард нь бат зогсох болно гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.