Улсын Их Хурлын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой дотоод, гадаадын иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аяллыг долоо хоног бүрийн мягмар, лхагва, пүрэв, баасан гарагуудад тогтмол зохион байгуулж байна.
2026 оны 04 дүгээр сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд зохион байгуулсан энэхүү танилцах аяллын хүрээнд нийт 937 иргэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимтай танилцаж, чуулганы хуралдааныг үзэж сонирхон, хууль тогтоох үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа. Мөн Төрийн ордонд байрлах хосгүй үнэт урлагийн бүтээлүүд, түүхэн баримттай танилцсан байна. Аялалд Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Төв аймгийн Эрдэнэсант сум, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 9, 14, 30, 93 дугаар сургуулийн 9–12 дугаар ангийн багш, сурагчид, Өвөрхангай аймгийн Уянга сумын 1, 2 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид, Орхон аймгийн Социал демократ Монголын оюутны холбооны оюутан залуус, Увс аймгийн Улаангом, Баянхонгор аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид зэрэг олон төлөөлөл хамрагдсан байна. Тэд энэ үеэр тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцон, дурсгалын зураг авахуулж, дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүлжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.