"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулах өөрчлөлтийн протоколын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжээд байсан юм.
Улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэхийн өмнө нэмэлт протоколд гарын үсэг зурах шаардлагатай байсан бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна. Тэрбээр ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзаж, “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс агаарын хөлгийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэх бөгөөд “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай” хэлэлцээрийн хамт хүчин төгөлдөр хэрэгжих юм гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.