СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар онц хүчтэй салхи, цасан болон шороон шуурганы гамшигт үзэгдэл болно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар онц хүчтэй салхи, цасан болон шороон шуурганы гамшигт үзэгдэл болно

Энэ сарын 17-19-ний өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай, зарим бүсэд гамшигт үзэгдэл ажиглагдахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Мөн агаарын температур өмнөх хоногоос 10-20 градусаар огцом хүйтрэх төлөвтэй байна.

Тодруулбал, 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж, хүчтэй салхи, шороон шуурга шуурах юм. Харин 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдана. Энэ үеэр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхины хурд секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж, шороон шуурганы гамшигт хэмжээнд хүрэхээр байна. Мөн 18-наас 19-нд шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Харин Өмнөговийн зүүн хэсэг, Говьсүмбэр, Дундговь, Дорноговьд цаг агаар хүндрэх төлөвтэй байна. 19-ний өдөр Дорноговийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурганы аюултай, зарим үед гамшигт үзэгдэл ажиглагдана. Цаг агаар огцом муудахтай холбоотойгоор халтиргаа, мөстөлт үүсэх, зам даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэл нэмэгдэж байгааг онцгойлон анхааруулж байна. Мөн хээр, гадаа зорчих үед осгож, хайрагдах аюултай нөхцөл бүрдэж байгаа юм.

Иймд малчид, иргэд дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд:

  • Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
  • Малаа ойрын бэлчээрт, нөмөртэй газарт бэлчээх
  • Төл малыг осгохоос хамгаалах, ямаа самналтыг түр хойшлуулах
  • Төллөх дөхсөн малыг хотонд байлгаж, төллүүлэх
  • Тарга хүч муутай мал, самнасан ямааг даарах, шуурганд уруудахаас сэргийлэх
  • Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж, нэмэгдэл тэжээл өгөх
  • Отор нүүдэл, холын замын тууврыг хойшлуулах
  • Үзэгдэх орчин хязгаарлагдах үед мал шуурганд уруудахаас сэргийлэх

Цаг уурын байгууллагаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.