Сүүлийн үед бид нийслэлчүүдийн цэвэр усны амин сүнс болсон “Хатан Туулаа хамгаалъя” хэмээгээд жагсаж цуглаад байгаа хүмүүс. Тиймээ энэ бол хамгийн зөв. Яагаад гэвэл Туул гол бол нийслэлчүүдийн цэвэр усны хэрэглээний ихэнх хувийг бүрдүүлдэг, яах аргагүй бидний “амьдрал залгуулагч” мөнөөсөө мөн. Харин нэг зүйл сэтгэл эмзэглүүлмээр санагдав.
Нэг талаараа Монголчууд ухамсрын доройдолд орж, хэт мухар сүсэгтээ живжээ гэсэн бодол ч төрөөд амжлаа. Үүний учир юу вэ гэвэл. “Шүгдэнгийн бумба” гэх шашны зан үйлийн зүйл “Туул” голын эрэг, хөвөө гээд сайгүй бэлчиж байгаа нь. Хаанахын ямар ёс гэдэг нь мэдэгдэхгүй энэхүү зүйлийг гол ус, байгаль дэлхийдээ өргөвөл эд байлаг тогтож, буян хишиг арвиждаг юм байх.
ВИДЕО:
-МЭДЭЭЖ ХУВЬ ХҮНИЙ ШАШИН ШҮТЛЭГ, ЗАН ҮЙЛИЙГ ШҮҮМЖЛЭХ НЬ ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ ХЭДИЙ Ч СҮСЭГ БИШИРЛИЙН НЭРЭЭР ГОЛ УСАА БОХИРЛООД БАЙГАА АСУУДЛЫГ ХӨНДӨХӨӨС АРГАГҮЙ-
Энэхүү зүйл нь хэмжээний хувьд загидсан гарнаас томхон дотор нь будаа, даавуу, хүний нэр зэргийг шар, улаан даавуунд задрах аргагүй чанга боосон зүйл байлаа.
Нэг биш, хоёр биш хаа сайгүй хаясан байв. Мэдээж хувь хүний шашин шүтлэг, зан үйлийг шүүмжлэх нь өрөөсгөл ойлголт хэдий ч сүсэг биширлийн нэрээр гол усаа бохирлоод байгаа асуудлыг хөндөхөөс аргагүй ээ.
Харин гагцхүү энэ “бумба” гэх зүйл нь яг ямар утга учиртай зүйл болохыг уг асуудлыг хамгийн түрүүнд хөндөж, дуу хоолойгоо хүргэсэн Зайран У.Хосбаяраас бид тодруулсан юм. Тэрбээр “ Энэ бумба гэх зүйл одоо дөнгөж гарч ирээд байгаа зүйл биш юм. Таван жилийн өмнө бид ийм зүйл гол руу хийгээд байгаа талаар хөндөж байсан. Тухайн үед олон ч газрууд сурвалжилга хийж, олон ч хүнд хүрсэн. Тиймээс ер нь ийм асуудал гарах нь багасчихсан юм байна гэж итгэж байлаа. Гэтэл хэд хоногийн өмнө очиж хэрэхэд багасах нь бүү хэл бүр ихэсчихсэн байсан. Энэ бумба өргөдөг ёс бөөгийн шашанд бол огт байдаггүй юм.
Шарын шашинд ч байхгүй байх найдаж байна. Яагаад гэвэл таван жилийн өмнө бумба өргөөд байна гэх асуудлыг хөндөж байхад гандангийн лам нар манай шашинд ийм ёс байхгүй гээд цэвэрлэж байсан юм. Энэхүү зүйл нь урд хөршөөс гаралтай л даа. Анх шаварч юм шиг бүтэцтэй дотор нь будаа, хүний нэр, даавуу зэргийг хийгээд хадгаар ороогоод хаядаг байсан юм. Одоо арай гаднах нь өөрчлөгдсөн хэдий ч дөоөрх нь яг хэвээрээ байна лээ. Яг хэн хая гээд байгаа талаар надад мэдээлэл өгөөрэй гэхэд маш олон хүн холбогдсон. Яг хэн гэдгийг нь хэлэхгүй хэрнээ надаас мөнгө авч, намайг загинаж байгаад хаяулсан гэх зэрэг тайлбар өгсөн. Хүн эрүүл ухаанаар бодоход байгаль дэлхий, уул усандаа тийм юм хаяад явахаар яаж сайн сайхан байх юм бэ?”

.- ЗӨВХӨН БУМБА Ч ГЭЛТГҮЙ БУСАД ХОГ НОВШ ТУУЛ ГОЛООР НЭГ БАЙНА-
Мөн тэрбээр “Манай Монголчууд энэ мухар сүсэг гэх зүйлээсээ хэзээ салах юм бүү мэд. Манай улсын байгаль, уул ус онгон дагшиг шүү дээ. Хаана юу өргөх ёстойгоо ч мэдэхгүй байж юу ч хамаагүй цацаж шидэж явдаг нь арай дэндүү.
Тэгээд дараа нь лулсын хорлол боллоо гээд бөө, лам дээр ирдэг. Аргагүй шүү дээ гол усандаа юу гэдгийг нь ч мэдэхгүй хог новш цацаад явахаар.Үнэхээр л аргаа бараад заавал гол усанд юм хиймээр байгаа бол тэр голд амьдарч байгаа загас жараахай юу иддэг юм тэрийг нь хийх ёстой.

Манай Монголчууд нэг л их хий хоосон ёс төртэй хүмүүс, гэсэн хэдий ч ээж аав, ахс дээдсээ хүндэлж чаддагүй, маш муухай харьцдаг. Тэгсэн хэрнээ гол ус, байгаль дэлхийгээ шүтэж байна гээд мухар сүсэгтэй хөтлөгдөөд юу ч хамаагүй цацаж явдаг нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Мөн бид нар гол ус цэвэрлэх сайн дурын ажлыг долоон жилийн хугацаанд хийж байна. Гэтэл гол ус хамгаалах ёстой, байгаль дэлхий хамгаалдаг нэртэй хар мянган байгууллага байдаг хэрнээ нэг ч удаа хамтарч ажиллаж, тус дэм болж байгаагүй. Ядаж энэ бумбаны талаар таван жилийн өмнө хөндөж байхан яагаад одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байгааг нь би ойлгохгүй байна. Зөвхөн бумба ч гэлтгүй бусад маш их хог новш Туул голоор нэг байна. Юугаач хамаагүй ус руу, байгальд хаядгаас болоод энэ Туул гол чинь ширэглээ шүү дээ” хэмээсэн юм.
Нээрээ л бид энэ сурвалжилгийг бэлтгэх гээд Туул голын эргээр явж байхад хаа сайгүй, зах замбараагүй хог новш голын эргээр бэлчиж байлаа. Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлах, байгаа орчиндоо ухамсартай амьдрах сэтгэхүй аль хэдий нь мөхөлд хүрчээ. Бид хэзээ амьдралын амин сүнс болсон байгаль дэлхийгээ хайрлаж сурах вэ. Ядаж энэ асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтнууд нь хараандаа авч таслан зогсооно гэдэгт итгэж байна.
