Нэгүүн.мн сайтын эрхлэгч, яллагдагч Л.Баяржаргалын өмгөөлөгчөөс түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасныг 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр шүүх хянан хэлэлцжээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.Баяржаргалыг “бусдыг эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Харин яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан цагдан хорих арга хэмжээг хүчингүй болгуулах хүсэлтэд дурдсан үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үеэр уг хүсэлтийг дэмжих нотлох баримтыг танилцуулаагүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалтыг үндэслэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.