УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын УИХ дахь АН-ын бүлгийн 40 гишүүн “Монгол Улсын Их Хурлын тухай” хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 06-р сарын 11-нд өргөн барьсан билээ. Энэ хуулийн үндсэн үзэл баримтлал нь нэгдсэн хуралдааны танхимын суудлын хуваарилалтын тухай асуудлыг хөндсөн бөгөөд Ерөнхий сайд нэгдсэн хуралдааны танхимын хойморт бус, Засгийн газрын гишүүдтэйгээ ижил доор суух ёстой гэсэн агуулгатай юм.
Гэсэн ч гурван Засгийн газар, УИХ-ын даргын нүүрийг үзэж буй уг хуулийн төслийн талаар хууль санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
ВИДЕО:
"ЕРӨНХИЙ САЙД УИХ-ЫН ӨМНӨ АЖЛАА ТАЙЛАГНАДАГ БОЛОХООС УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ДЭЭРЭЭС НЬ ХАРААД ЗАНДАРААД БАЙЖ БОЛОХГҮЙ"
-УИХ-ын дарга намын дарга байх ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн акц болон УИХ-ын дарга нам бус байх ёстой гэдэг нь хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Үр дүнд нь өдгөө УИХ-ын дарга асан Н.Учрал Ерөнхий сайд болчихлоо. Тэгвэл эрх баригч намын шинэ бүрэлдэхүүнүүд Ерөнхий сайд нэгдсэн хуралдааны танхимын хойморт бус, доошоо суу гэдэг хуулийн төслийг дэмжих болов уу?
-УИХ-ын дарга буюу парламентын спикерийн тухай асуудлыг бол бид албан ёсоор өнгөрсөн намрын чуулганаар өргөн барьсан. Ерөнхий сайдын суудлыг Их Хурлын тархин дээрээс буулгая гэдэг санаачилгыг өмнөх оны хаврын чуулганаар албан ёсоор өргөн барьсан. Хэлэлцүүлэг нь 2024 оны намрын чуулганы үед нэлээн дэлгэрэнгүй яригдсан. Парламентын нэгдсэн танхим гэдэг өөрөө олон ургалч үзэл, олон намын тогтолцоон дээр суурилж явах ёстой. Гэтэл манай парламент нэг намын хурал шиг болчихсон. Сүүлийн найман жил хэт олонх байсан МАН УИХ-ыг намын дотоод хурлынхаа шат мэт болгочихсон. Ямар ч мэтгэлцээнгүй нам дээрээ гаргасан шийдвэрээ зүгээр албажуулж, кноп даруулж байдаг хэрэгсэл төдий болоод эхэлсэн.
Цаашлаад парламентын спикер буюу УИХ-ын дарга нь парламентын бие даасан байдлыг хангаж чаддаггүй. Парламент ЗГ-ын хуулийн хэлтэс эсвэл эрх баригч намын Бага хурлын арай том хувилбар шиг болчихсон. АН-ын мөрийн хөтөлбөр болон үзэл баримтлал дотор маш тодорхой заалтууд байдаг. АН бол парламентын засаглалыг эрхэмлэж, парламентын ардчиллын төлөө хатуу байр суурьтай байна гэдэг баримтлалтай. 2024 оны сонгууль болон түүний өмнөх УИХ-ын ээлжит сонгуулиудаар бид үүнийгээ л амлалт болгосон. Энэ амлалтынхаа хүрээнд Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгож өөрчлөх ёстой юм байна гэж хуулийн төслөө өргөн барьсан юм. Хэрэв ингэж өөрчилж, шинэчлэхгүй бол Ерөнхий сайд өөрийнхөө хүссэн зүйлийг УИХ-д орж ирээд мэдээлэл хийдэг. Ингээд УИХ Ерөнхий сайдын пи-арын хэрэгсэл болоод хувирчихсан юм. Харин эсрэгээрээ УИХ цаг үеийн болон Ерөнхий сайдын бодлогоос нээлттэй, чөлөөтэй асуулт асууж, иргэдийн танин мэдэх эрхийг хангаж байх ёстой.
Улмаар Ерөнхий сайд сөрөг хүчний лидер зэрэгтэй парламентын төвд яг ижил түвшинд зогсож байгаад мэтгэлцдэг талбар болгоё гэж шийдсэн. Тэгээд энэ хуулиа бол өргөн барьсан. Мэтгэлцээн гэдэг бол ижил түвшний, эрх мэдэлтэй, ижил төстэй түвшний байр суурьтай хүмүүсийн хооронд явагддаг зүйл. Гэтэл Ерөнхий сайд УИХ-ын толгой дээр буюу тархин дээр гарч суучихаад хуралдаан даргалагчийн байр суурьтай, хээ хуар болсон санал ширээний араас дээрээс гишүүдийг харж суугаад гишүүдээ зандарч байгаа нь Үндсэн хуулийн дэг, журамд ерөөсөө таарахгүй байна. Ерөнхий сайдыг УИХ томилдог, огцруулдаг, Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг болохоос УИХ-ын гишүүдийг дээрээс нь хараад одоо зандарч болохгүй.

-Нэгдсэн хуралдааны танхимын суудлын хуваарилалт анх ингэж тогтсон эхлэл ямар тооцоо судалгаа, үзэл баримтлалтай юм бол?
-Ёслолын журам хариуцсан мэргэжилтнүүдийн байршуулсан суудлын зохион байгуулалт шүү дээ. Монгол Улсын Үндсэн хууль болон хууль тогтоомжийн үзэл санаанаас гажуудсан байна. Тийм учраас үүнийг өөрчилье гэдэг байдлаар одоо хуулийн төсөл өргөн барьсан юм.
"Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ҮЕД МАНАЙ ЕРӨНХИЙ САЙД ЭМЗЭГЛЭЭД БАЙНА ГЭХ ШАЛТАГ ТООЧИЖ ЭНЭ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЭГҮЙ"
-Энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаа асуудлыг юу гэж харж байгаа вэ?
-Хэлэлцэж чадахгүй байгаа нь дахиад л УИХ-ын дарга гэдэг хүн намчирхдаг, эрх баригч намын талын дуу хоолой, байр суурийг хамгаалагч өнгөтэй байгаатай холбоотой. Ингээд цөөнхийн өргөн барьсан энэ хуулийг хэлэлцүүлэхгүй байна. Тэд үеийн үед шалтаг хэлсээр байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үед манай Ерөнхий сайд эмзэглээд байна, хамтарсан Засгийн газар байгуулчхаад нөгөө намынхаа даргыг гоочлоод байх нь таагүй зэрэг шалтгаан биш шалтаг дурдаж байсан. Энэ үед бид хуулиа хэлэлцүүлмээр байна гэсээр л байсан.
Дараа нь Ерөнхий сайд Г.Занданшатарын үед манай Ерөнхий сайд УИХ-ын гишүүн биш учраас суудлыг нь буулгачихвал чуулганы үүд рүү оччих гээд байна аа гэдэг шалтаг дахин хэлсэн.
Харин одоогийн шинээр бүрэлдсэн Н.Учралын үед шинэ намын дарга одоо Ерөнхий сайд болчихлоо, бас л хэцүү шүү дээ гэдэг үг хэлж байна. Гэхдээ Үндсэн хуулийн зарчим, үзэл санааг тохиролцдоггүй. Харин ч түүнийг аль аль нь хэрэгжүүлэх, биелүүлэхийн төлөө явах ёстой. Тэр дундаа АН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрт байгаа энэ асуудалд манай нам зөвшилцөх боломж байхгүй. Бид шаардлагаа тавихаас өөр аргагүй.

"ҮАБ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГУРВАН ДАРГЫН САНААГ ТАЙВАН БАЙЛГАЖ, ТЭДЭНД ТААЛАГДСАН ШИЙДВЭР ГАРГАВАЛ УЛС ТОГТВОРТОЙ ЮМ ШИГ ДҮР ЭСГЭДЭГ"
-Хууль батлагдсанаар ямар өөрчлөлтүүд гарна гэж хууль боловсруулагчид үзэж байгаа вэ?
-Нэгдүгээрт, Монгол Улс социализмын үед бол даргын улс байсан. Дарга нар тусгай хангамжтай, эрх мэдэлтэй, удирдагчийг тойрсон хэсэг нь феодализмын үеийн эзэд, хаадаас ч илүү ард түмнээсээ тасарсан байсан. Тэгээд иргэдийг удирдагчаа тахиж, шүтэж байх ёстой гэдэг үзэл суртал дээр оршин тогтнож байсан нийгэм. Ингээд 1992 оны Үндсэн хуулийг баталж, дарга нарын улс байхаа больсон. Улс төрчид болгон хэлэх дуртай нэг үг байдаг: “Иргэн баян бол улс баян. Иргэн эрх чөлөөтэй бол улс нь тусгаар” гэдэг. Нэг ийм үгийг Үндсэн хуулийн болон шинээр бүрэлдсэн улс орныхоо тулгуур зарчим болгох гэж оролдсон. Гэтэл харамсалтай нь энэ зарчмаасаа бид ухарчихсан. Дахиад л дарга нарыг шүтсэн улсаа бүтээсэн.
Одоо Монгол Улсад гурван даргын улс болчихсон. УАБЗ-ийн гурван гишүүн: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн гурван даргын санаа бодлыг тайван байлгаж, тэдэнд таалагдсан шийдвэр гаргавал улс тогтвортой юм шиг дүр эсгэдэг. Ийм л улс болчихсон байна. Энэ гурван даргын улсыг болиод Үндсэн хууль дээр байгаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмээ байгуулах ёстой.
Үүний тулд бид бэлгэдлийн шинжтэй, дүр төрхүүдийг нь зогсоох ёстой. Нөгөө гурван дарга бөхийн барилдаан, найр наадам бүрийн хойморт гурвуулаа сууж байна. УИХ-ын чуулганы толгой дээр гурвуулаа л байна. Парламентын толгой дээр дарга нар сууж болохгүй шүү дээ. Ганцхан хүлээн зөвшөөрөгдөх хэлбэр бол хуралдаан даргалж байгаа спикер парламентын тархин дээр суудаг. Гэтэл нөгөө л гурван дарга феодал маягтай олбог дэвсүүлээд сууж болохгүй. Бид алдаатай ойлголтоо засах ёстой. Үүний тулд эхний ээлжид Ерөнхий сайдыг доошоо суулгах ёстой. Үндсэн хуульд УИХ 126 гишүүн болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын даргаас бүрдэнэ гэж бичээгүй шүү дээ. Ерөнхий сайдыг доошоо буулгаад мэтгэлцдэг индрийн харалдаа Засгийн газрын гишүүдтэй нь суулгах ёстой. УИХ-ыг хуурч болохгүй, УИХ-ын танхимд худал хэлж болохгүй, УИХ буюу парламентад үл хүндэтгэлтэй хандаж болохгүй гэдэг тэр зарчмыг нь хэрэгжүүлэхийн тулд суудлыг нь өөрчлөхөөс аргагүй.

"ЕРӨНХИЙ САЙД ДООШОО СУУ ГЭДЭГ НЬ АРДЧИЛЛЫН ЗАРЧИМ, ПАРЛАМЕНТЫН БИЕ ДААСАН БАЙДЛЫН ТУХАЙ АСУУДАЛ"
-Ардчилсан улс орнуудад яг ямар байдаг вэ?
-Дэлхийн улс орнуудад спикертэйгээ зэрэгцэн суудаг Ерөнхий сайд гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай хэмнэдэг, даруухан байдаг. Харин манай улсад дундад зууны феодал ёсыг сэргээн тогтоосон мэт, хэн илүү тансаглаж, хэн илүү материаллаг зүйлээрээ бусдаас ялгарч, дээр нь гарч чадсан нь шүтэгдэх ёстой мэт дүр зураг бий болсон. Тэр дүр зургийн гоо зүйн илэрхийлэл нь УИХ-ын дээр байгаа гурван суудал болоод байна. Тиймээс энэ алдаатай ойлголтыг засах ёстой. Эхний алхам нь Ерөнхий сайдын суудлыг доош нь буулгах.
– Манай улсад “зүгээр л сандал, суудлын ялгаа” гэж үзэх хүмүүс байна. Та юу хэлэх вэ?
– Энэ бол огт сандал, суудлын асуудал биш, харин зарчмын асуудал. Парламентын засаглалын үед парламент өөрийн бие даасан орон зай, барилга байгууламжтай байх ёстой. Тэр нь зөвхөн ажлын байр биш, ардчиллын бэлгэдэл, иргэдэд нээлттэй орчин байдаг. Гэтэл манайд төрийн эрх мэдэл нэг байшинд төвлөрч, хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалын зааг бүдгэрсэн. Энэ нь Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилалтын зарчмыг хэлбэрийн түвшинд хүртэл алдагдуулж байна. Иргэд ч парламентын байранд чөлөөтэй нэвтрэх биш, гүйцэтгэх засаглалын дэг журмаар хязгаарлагдаж байна. Мөн парламентын байр өөрөө түүний бие даасан байдлыг илэрхийлэх ёстой. Гэтэл бодит байдал дээр Засгийн газрын орчин давуу, парламентын нөхцөл дутмаг байгаа нь институцийн тэнцвэр алдагдсаныг харуулж байна. Тиймээс энэ бол байшин, суудлын асуудал биш. Ардчиллын зарчим, парламентын бие даасан байдал, иргэдийн оролцоог хангах тухай асуудал. Жижиг мэт харагдавч системийн том өөрчлөлтийн эхлэл юм.
– Танай бүлэг ойрд энэ асуудлаар дахин байр сууриа нэгтгэсэн үү?
– Бид байр сууриа нэгтгэж, холбогдох хуулиудыг хамтран өргөн барьсан. Өмнө нь УИХ-ын дарга намын нөлөөнд хэт автсанаас цөөнхийн санаачилгыг хэлэлцдэггүй байсан. Харин одоо спикерийг намаас хараат бус болгох чиглэлээр хууль өргөн барьж, хэлэлцүүлэгт оруулсан. Ингэснээр хуулийн төслүүдийг хэн өргөн барьснаас үл хамааран хугацаанд нь хэлэлцдэг, илүү тэнцвэртэй парламент бүрдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг ЭНД дарж уншина уу.