Л.Оюун-Эрдэнийн үед жагсаалаар хөлжсөн байж магадгүй А.Отгонбаатар 2024 оны сонгуулийн дараа нутагтаа 5 тэрбумаар үнэлэгддэг гэх үйлчилгээний төвтэй болжээ

Л.Оюун-Эрдэнийн үед жагсаалаар хөлжсөн байж магадгүй А.Отгонбаатар 2024 оны сонгуулийн дараа нутагтаа 5 тэрбумаар үнэлэгддэг гэх үйлчилгээний төвтэй болжээ

“Хаашдаа манайхан иргэн О, иргэн Т гэдэг төлбөртэй жагсагч нарыг мэддэг болсон. Энэ хүмүүсээс ер нь татвар авья. Хуучин бол төрөөс төрсөн тэрбумтан гэж ярьдаг байсан. Одоо жагсаалаас тэрбумтнууд төрдөг болчихсон байна шүү дээ...” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр хэлж байв.

ВИДЕО:

Түүний хэлсэн “иргэн О” хэн бэ гэдэг тодорхойгүй ч олон нийтийн дунд Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатартай холбон ярих нь бий. Тэгвэл жагсаал зохион байгуулдгаараа олонд танигдсан тэрбээр хэдхэн жилийн дотор иргэдийн нүдэн дээр “хөлжсөн” нь үнэн. Нэгэн цагт “100 айлын хойд талын уулын энгэрт айлын хашаанд амьдардаг” хэмээн өөрийгөө тодорхойлж, амьдралаа лайваар харуулдаг байсан А.Отгонбаатар өдгөө Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд дөрвөн давхар үйлчилгээний төвтэй болжээ. Тодруулбал,нэгдүгээр зоорийн давхар бүхий дөрвөн уг худалдааны төв нь аймгийн төвийн "А" зэрэглэлийн бүсэд байрладаг. Дотроо олон талбай түрээслэгчтэй тус худалдааны төвийн зах зээлийн ханш нь таван тэрбум төгрөгт хүрэх хэмжээний гэдгийг орон нутгийн иргэд ярьж байна.

Эх сурвалжуудаас уг асуудлыг тодруулахад “А.Отгонбаатар нутагтаа тус үл хөдлөх хөрөнгөтэй гэдэг нь үнэн. Аймгийн төвд одоогоос хоёр орчим жилийн өмнө худалдаж авч байсан. 2024 оны зун. Гэхдээ найз нөхөдтэйгөө хамтарсан эсэх эсвэл 100 хувь өөрийн хөрөнгөөр авсан эсэх зэрэг хувь хүний нууц асуудал. Мэдэхгүй” гэсэн юм.

Үүгээр ч зогсохгүй түүний унаа ч огцом “дэвшжээ”. 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр мэдүүлсэн ХОМ-доо приус автомашинтай, 14 сая төгрөгийн хадгаламжтай гэж байсан бол өнөөдөр Toyota Land Cruiser 300, BYD Leopard 8 зэрэг өндөр үнэтэй автомашинууд эзэмшдэг гэх мэдээлэл байна. Зах зээлийн үнэлгээгээр Land Cruiser 300 нь 300 сая төгрөгөөс, BYD Leopard 8 нь 200 гаруй сая төгрөгөөс эхэлдэг. Өөрөөр хэлбэл, түүний унааны үнэлгээ хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигдэх болсон байна.

Тэрбээр У.Хүрэлсүхийг Л.Оюун-Эрдэнээр солихын өмнөх таавчигтай жагсаал, Үндсэн хуулийн өөрчлөлт хийхийг шаардсан жагсаал, ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардсан жагсаалын дараагаар Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаар томилсон жагсаал, Нүүрсний жагсаал, Ухаа худгаа авья гэх Л.Оюун-Эрдэнийг огцруулахын эсрэг жагсаал гээд анхаарал татсан сэдэв бүр дээр шахам түүний нэр холбогддог. Гэвч эдгээр жагсаалууд ямар санхүүжилттэй, орлого хэрхэн бүрддэг нь өнөөдрийг хүртэл тодорхой бус хэвээр байна.

Гэр хорооллоос гараагаа эхэлж, приус унаж байсан нэгэн идэвхтэн богино хугацаанд хэдэн тэрбумын үл хөдлөх хөрөнгө, тансаг зэрэглэлийн автомашинуудтай болсон нь анхаарал татахгүй өнгөрөх асуудал биш.

Мэдээж энэ бүхнийг хууль бус гэж шууд дүгнэх боломжгүй. Гэхдээ түүний хөрөнгийн өсөлт, орлогын эх үүсвэрийн талаарх асуултууд хариулт нэхсээр байна. Иргэд ч өдгөө Улсын Дээд шүүх бүргэдэггүй “Үнэн ба зөв” намын дарга гэх А.Отгонбаатарыг орлогоо нотлохыг шаардаж эхэлжээ. Харин энэ бүхэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярын хэлсэнчлэн “жагсаалаас тэрбумтнууд төрдөг болсон уу” гэх асуултыг улам тодруулж буй юм.