Ажлыг нь түр зогсоосон "Туулын хурдын зам"-ын төсөлд шалгарсан Хятадын компанид саяхан дахин 50 тэрбум төгрөгийн урьдчилгааг шилүүлжээ

Ажлыг нь түр зогсоосон "Туулын хурдын зам"-ын төсөлд шалгарсан Хятадын компанид саяхан дахин 50 тэрбум төгрөгийн урьдчилгааг шилүүлжээ

"Туулын хурдны зам" төсөлд шалгарсан ч, барьж чадах эсэх нь эргэлзээтэй Хятадын компанид нийслэлээс 400 гаруй тэрбум төгрөгийг олгоод байгаа талаарх баримтыг бид өмнө нь дэлгэсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан "Туулын хурдны зам"-ын төслийн барилгын ажлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хууль зөрчиж, замын ажлаа эхлүүлсэн гэх шалтгаанаар түр хугацаанд зогсоогоод байгаа.

Ийнхүү сайдын шийдвэрээр, хууль тогтоомжид нийцүүлэх хүртэл барилгын ажлыг нь түр зогсоогоод буй "Туулын хурдын зам"-ын төсөлд нийслэлээс дахин 50 орчим тэрбум төгрөг олгожээ. 

Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир ажлаа хүлээн авсныхаа дараа Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийж, улмаар "Туулын хурдны зам"-ын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоох шийдвэрийг гаргасан байдаг. Мөн "Хатан туулаа хамгаалъя" иргэдийн хөдөлгөөний шаардлагын дагуу "Туулын хурдны зам"-ын төслийг хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон гэх мэдээлэл бий. 

Гэтэл "Туулын хурдны зам"-ын тендерт шалгарч, 400 гаруй тэрбум төгрөгийн урьдчилгаа авч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан БНХАУ-ын "Хаоюань женерал констракшн" ХХК-ийн түр дансанд өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр нийслэлээс 49 тэрбум төгрөгийг "Туулын хурдны зам"-ын урьдчилгаа санхүүжилт гэх утгатайгаар шилжүүлсэн байна. 

Харин тухайн компани нь дээрх урьдчилгаа санхүүжилтийн тайлангаа холбогдох албаныханд тайлагнасан эсэх талаарх мэдээлэл одоогоор нээлттэй байхгүй байгаа юм. Зарим албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар дээрх компани нь Туул гол дагуух бургас, улиас зэрэг модыг устгаж, тайрсан, цөөн хэдэн километр түр зам тавьснаас өөр дорвитой ажил хийгээгүй гэх мэдээллийг өгдөг. Ямартай ч баригдах эсэх нь эргэлзээтэй болоод байгаа "Туулын хурдны зам"-ын төсөлд нийслэлээс 500 орчим тэрбум төгрөгийг лавтай зарцуулаад байгаа аж. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө