БАРИМТ: Г.Занданшатар 29 тэрбумын төсөвтэй хяналтын менежерүүдийг цомхотгоно гэж мэдэгдсэн ч хэлбэрийг нь өөрчилж, авч үлджээ

БАРИМТ: Г.Занданшатар 29 тэрбумын төсөвтэй хяналтын менежерүүдийг цомхотгоно гэж мэдэгдсэн ч хэлбэрийг нь өөрчилж, авч үлджээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны хуралдаанаар хэлэлцсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор төрийн өмчит компаниудад ажиллаж байсан “хяналтын болон бүтээмжийн менежер”-үүдийн асуудал дахин улс төрийн маргааны төвд орлоо.

Хуралдааны үеэр ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд хандан дараах байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр,  “Л.Оюун-Эрдэнэ та гэнэт сэрсэн юм шиг Парламентын дархлаа гэж ярих эрхгүй, ёс зүйгүй хүн. Та хамтарсан Засгийн газар байгуулаад Ардчилсан намынхны амыг бүтээмжийн менежер гэх албан тушаалаар тагласан нэгэн” гэсэн юм.

ВИДЕО:

Энэхүү мэдэгдэл нь төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хэр хэмжээнд хийгдсэн, хяналтын бүтэц бодитоор ямар үүрэгтэй байсан талаар дахин маргаан үүсгэсэн юм.

"ХЯНАЛТ, БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР ГЭХ АЛБАН ТУШААЛД ЖИЛД ОЙРОЛЦООГООР 29 ТЭРБУМ ЗАРЦУУЛДАГ"

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед төрийн өмчит компаниудад хяналт, бүтээмжийн чиглэлээр олон тооны менежер томилогдсон талаар улс төрийн хүрээнд яригддаг. Гэвч нийт тоо нь албан ёсоор нэг мөр болоогүй бөгөөд 130 гаруйгаас 400 орчим хүртэл зөрүүтэй мэдээллүүд гарч байсан. Мөн эдгээр албан тушаалын цалин, урамшуулал, хангамжид жилд ойролцоогоор 29 тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо дурдагддаг ч албан ёсны нэгдсэн тайлангаар бүрэн баталгаажсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

- ХЯНАЛТ, БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕРИЙН АЛБАН ТУШААЛЫГ ТАТАН БУУЛГАЖ 16 ДЭД САЙДЫГ АЖИЛЛУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

Харин Г.Занданшатарын Засгийн газар төрийн албаны зардлыг бууруулах зорилгоор есөн хувийн цомхотголын бодлого хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү бодлогын хүрээнд өмнө ажиллаж байсан хяналтын болон бүтээмжийн менежерүүдийн орон тоог цомхотгох, чиг үүргийг өөрчлөх асуудал яригдсан юм. Гэвч үүнтэй зэрэгцэн 16 дэд сайдын орон тоог шинээр томилсон нь төрийн албаны бүтцийг цомхотгох бодлоготой уялдаж байгаа эсэх маргаан үргэлжилсээр буй.

"Г.ЗАНДАНШАТАР САЙН АЖИЛЛАСАН ХЯНАЛТ БОЛОН БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ"

Нөгөө талд өнгөн дээрээ Г. Занданшатар хяналт, бүтээмжийн менежерийг цомхотгосон гэж байгаа ч тэднийг бүрэн халсан гэх нь эргэлзээтэй байна. Учир нь Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны хуралдааны тэмдэглэлд тус асуудлыг хэлэлцэж, орон тоог бүрэн татан буулгах бус, “сайн ажилласан” албан хаагчдыг үргэлжлүүлэн ажиллуулах чиглэл өгсөн нь тусгагдсан байна. Энэ чиглэлийг тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх байгууллага болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын байгууллагад даалгасан байдаг. Энэ нь бодит байдал дээр “халагдсан” гэх ойлголтоос ялгаатайгаар зарим бүтэц өөр хэлбэрээр хадгалагдан үлдсэн байж болзошгүйг харуулж байна.

Мөн эх сурвалжуудаас уг асуудлыг тодруулахад “Хяналтын болон бүтээмжийн менежерүүд үргэлжлүүлэн ажиллаж буй хэсэг бий. Сайн ажилласан учраас гэх тодотголтой тэднийг үргэлжлүүлэн ажиллуулах болон төрийн өмчит компаниудад ажлын байраар хангасан” гэсэн юм.

"ХЯНАЛТЫН БОЛОН БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙН ТАЛААРХ НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ АЛГА"

Өдгөө хэдэн хяналтын болон бүтээмжийн менежер байхгүй болсон гэх ойлголт нийгэмд байгаа ч нөгөө талд нэгдсэн тоо баримттай, мэдээлэлтэй газар байхгүй байна. Хэрэв энэ тоог нэгтгэнэ гэвэл томоохон судалгаа шаардлагатай. Тухайлбал, нүүрс, зэс, алт зэрэг уул уурхайн төрийн өмчит компаниудын асуудлыг “Эрдэнэс Монгол” групп мэднэ. Хүнд үйлдвэр, барилгын материал, боловсруулах үйлдвэрүүдийг Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөг нэгтгэнэ.

Энэ асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаас тодруулсан ч мэдэхгүй гэх үгээр нууцалж байна.

Товчхондоо, бүтээмжийн болон хяналтын менежерийг халж, 16 дэд сайдыг томилно хэмээн өнгөн дээрээ мэдэгдсэн Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнийн хяналтын менежерүүдийг авч үлдсэн гэх дүр зураг харагдаж байна.

Сонирхуулахад, Г. Занданшатар дэд сайд нарыг халах тухай асуудал яригдаж эхлэх үед тухайн үеийн Ардчилсан намын дарга Л. Гантөмөр “АН-аас томилогдсон хяналтын менежерүүдийг халах юм бол Ерөнхий сайдын арьсыг өвчинө. Тэд бол төрийн өмчит компани дээр байгаа хулгайг хянах үүрэгтэй хүмүүс” хэмээн мэдэгдэж байлаа.

ВИДЕО: