Энэ долдугаар сарын 18-наас Төв цэнгэлдэх хүрээлэнг өглөөний 06:00 цагаас оройны 23:00 цагийн хооронд иргэдэд нээлттэй байхаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 16 дугаар хаалгыг нээх бөгөөд иргэд орох, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд төлбөр авахгүй аж. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, "Иргэд наймдугаар сарын 1-нийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэн дотор орж биеийн тамир хийх боломжийг бүрдүүлж байгаа юм" гэв. Харин хүрээлэнд хог тарихгүй, цэвэрхэн үйлчлүүлэхийг анхааруулжээ. Энэ жил цэнгэлдэхэд шинээр есөн ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулаад байгаа юм.