Д.Сарангэрэлийг Элчин сайдаар, Ц.Мөнх-Оргилыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох мэдээлэл байна

Д.Сарангэрэлийг Элчин сайдаар, Ц.Мөнх-Оргилыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох мэдээлэл байна

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Д.Сарангэрэл, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нар УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ намдаа өгөөгүй.

Эдгээрээс Н.Энхболдыг БНХАУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар томилох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тэгвэл тун удалгүй Д.Сарангэрэлийг Элчин сайдаар томилох аж. Харин Ц.Мөнх-Оргилыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилно гэх мэдээлэл байна.

Түүнээс нэр дэвших хүсэлтээ өгөөгүй талаар нь асуухад "Би Элчин сайдаар ажиллахгүй. Харин судалгааны ажил хийнэ" гэсэн юм. Тэгвэл түүний хэлж буй судалгааны ажил нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажил байж магадгүй байна. Тэрбээр өнгөрсөн хавар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Ингэж 32 жилийн дараа Цэцийн тухай хуулийг шинэчлэхдээ Цэцийн гишүүнээр дээд тал нь 12 жил хүртэл ажиллах боломжтой болгосноос гадна гаргасан санаачилга, шийдвэртэй нь холбогдуулан гишүүн байх хугацаанд нь болон гишүүнээс больсон тохиолдолд хэрэг үүсгэж, мөрдөн шалгахыг хориглосон заалт оруулсан байдаг. Тэгэхээр тэрбээр өөртөө зориулж дээрх хуулийг батлуулсан уу гэх хардлага одоо төрж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс ирэх жил буюу 2025 онд Д.Гангабаатар, Ж.Эрдэнэбулган нарын бүрэн эрхийн хугацаа дуусахаар хүлээгдэж байна. Ц.Мөнх-Оргил нь тэдний оронд томилогдох уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.