Үе үе хотын даргыг огцруулах асуудал босож ирээд намжсаар байна. Олон нийтийн нүдэнд Н.Учрал Х.Нямбаатар хоёр тохироонд хүрсэн гэж харагдаж буй. Гэвч иргэд олон нийтэд “ажил хийдэг” гэх дүрээр танигдах гэж хичээж буй Х.Нямбаатарыг огцруулах нөхцөл хэдийн бүрджээ.
Тодруулбал, Шатраар бол Н.Учрал Х.Нямбаатарыг олон талаас нь шалж байна.
- Багын найз Д.Ихбаяраа НИТХ-ын дарга болгосон. НИТХ бол хотын даргын ажилд дүн тавих, төсвийг нь хянах эрхтэй байгууллага. Д.Ихбаяр НИТХ-ын дарга болоод “Туулын хурдны замын болон хотын мега төслүүдийн байгаль орчин, эдийн засаг, өртөг төсөв, үр өгөөжийг хянан шалгах Ажлын хэсэг байгуулна. Мега төсөлд бол гарц болно, мега хулгайд гацаа болно” гэж хэлсэн. Энэ бол Н.Учралын л үг гэдэг нь ядах юмгүй ойлгогдоно.
- Мөн Н.Учрал НЗД-ын нэгдүгээр орлогчоор Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайханыг томилоод амжив. Барилга, хот байгуулалтын сайд Б.Бат-Амгалангийн гарын хүнийг нэгдүгээр орлогчоор тавьж буй нь Н.Учрал ялж, Х.Нямбаатар ялагдаж буйг харуулах үйл баримт.
- Цаашлаад Хотын даргын нийслэлийн авто зам, нийтийн тээврийн асуудал хариуцсан Засаг даргын орлогчийн статустай зохицуулагчаар Сүхбаатар дүүргээс сонгогдсон Б.Ану-Үжинг томилов. Н.Учрал Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга байхдаа Б.Ану-Үжинг НИТХ-д дэвшүүлж, төлөөлөгчөөр сонгогдсон юм. Б.Ану-Үжин бол Н.Учралын хүн.
Товчхондоо, Ерөнхий сайд Н.Учрал барьцаа ахиулж, Туулын хурдны замын төслийн банкны бус хуурамч баталгаа, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, хэт өндөр үнэ өртөг зэргийн улмаас хотын дарга Х.Нямбаатар огцрох хором мөч ойртсоор байна гэх дүр зураг ажиглагдаж байна.