Монгол Улс болон Азербайжан Улс агаарын тээврийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, Улаанбаатар–Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүллээ.
Энэхүү тохиролцоо нь ХБНГУ-ын Лайпциг хотноо болсон Олон улсын тээврийн форум ITF-2026 дээд хэмжээний уулзалтын үеэр хийгдсэн бөгөөд Монголын талаас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй ажлын хэсэг оролцсон байна. Шууд нислэгийн эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол Улс Кавказын бүс нутагтай агаарын тээврээр шууд холбогдох боломж нээгдэж, аялал жуулчлал, бизнес, транзит тээврийн хамтын ажиллагаанд шинэ гарц бий болно гэж үзэж байна. Түүнчлэн форумын үеэр Монголын тал БНХАУ, ХБНГУ болон олон улсын тээврийн байгууллагуудтай төмөр зам, автотээвэр, логистик, дижитал шилжилт болон дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цуврал уулзалт хийжээ.