Д.Трамп АНУ-аас дэвшүүлсэн дайныг зогсоох саналд Ираны өгсөн хариуг “бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн эрс няцаажээ.
Ираны хагас албан ёсны Тасним агентлагийн мэдээлснээр, "Пакистаны зуучлалаар Вашингтонд хүргүүлсэн Тегераны саналд бүх фронт дахь байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох, АНУ-ын Ираны боомтуудад тавьсан тэнгисийн бүслэлтээ цуцлах, цаашид халдлага хийхгүй байх баталгаа өгөх" зэрэг шаардлагууд багтжээ.
АНУ, Израилийн өнгөрөгч хоёрдугаар сард эхлүүлсэн дайны дараа байгуулсан гал зогсоох хэлэлцээр ерөнхийдөө мөрдөгдөж байгаа ч хааяа зөрчил гарсаар байгаа юм. Саяхан Д.Трамп “Иран дахь дайн удахгүй дуусна” гэж дахин мэдэгдсэн юм. Харин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны эсрэг ажиллагааг бүрэн дууссан гэж үзэхээс өмнө Тегераны баяжуулсан ураны нөөцийг “гаргаж зайлуулах” шаардлагатай гэж мэдэгдсэн.
Тэрээр CBS телевизийн “60 Minutes” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа, “Буулгах ёстой баяжуулах байгууламжууд байсаар байна” хэмээн онцолжээ.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан өчигдөр /2026.05.10/ Тегераны саналын талаар шууд дурдаагүй ч, “Бид дайсны өмнө хэзээ ч толгой бөхийхгүй. Хэрэв яриа хэлэлцээ, тохиролцооны тухай ярьж байгаа бол энэ нь бууж өгнө гэсэн үг биш” гэж мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн Truth Social хуудсандаа, “Би Ираны төлөөлөгчид гэх хүмүүсийн хариуг уншлаа. Надад огт таалагдсангүй. БҮРЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ” хэмээн бичжээ.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын боловсруулсан 14 заалт бүхий нэг хуудас санамж бичигт Ираны цөмийн баяжуулалтыг түдгэлзүүлэх, хориг арга хэмжээг үе шаттайгаар цуцлах, Ормузын хоолойгоор чөлөөтэй тээвэрлэх нөхцөлийг сэргээх зэрэг асуудлыг тусгасан байна. Тус мэдээллийг АНУ-ын хоёр албан тушаалтан болон асуудалд ойр дөрвөн эх сурвалж нэрээ нууцлан баталжээ. Гэхдээ уг баримт бичигт туссан олон нөхцөл эцсийн тохиролцооноос хамаарна гэдгийг эх сурвалжууд онцолсон байна.
Иран Ормузын хоолой дахь хяналтаа хэвээр хадгалж байгаа нь дэлхийн газрын тосны үнийг өсгөхөд хүргээд байгаа юм. Харин АНУ Тегеранд шахалт үзүүлэх зорилгоор Ираны боомтуудыг бүсэлсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгасан гэхэд болно.
Мөн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху CBS-д өгсөн ярилцлагадаа Израильд олгодог АНУ-ын цэргийн тусламжийг үе шаттайгаар зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Бид жил бүр 3.8 тэрбум долларын тусламж авдаг. Үлдсэн цэргийн дэмжлэгээс аажмаар бие даах цаг болсон гэж бодож байна” гэж хэлээд, “Ирэх арван жилийн хугацаанд үүнийг хэрэгжүүлнэ” хэмээн нэмж хэлжээ.
Үүний зэрэгцээ Иран хөрш орнуудад АНУ-ын хоригийг дагаж мөрдөхөөс болгоомжлохыг анхааруулсан байна. Ираны цэргийн хэвлэлийн төлөөлөгч Мохаммед Акраминиагийн хэлснээр, "Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцууд Тегерантай урьдчилан зохицоогүй тохиолдолд “ноцтой үр дагаварт” өртөж болзошгүй аж. Тэрээр, “Америкчууд Энэтхэгийн хойд хэсэгт орших энэ өргөн бүсийг флотоороо бүрэн хааж, жинхэнэ бүслэлт тогтоож чадахгүй” хэмээн мэдэгджээ.
АНУ Персийн буланд томоохон цэргийн хүч байршуулсан хэвээр байгаа бөгөөд Катар, Бахрейн, Кувейт, АНЭУ, Саудын Араб, Оман зэрэг оронд баазтай. Британийн Хааны тэнгисийн цэрэг бямба гараг /2026.05.09/-т Ойрхи Дорнод руу байлдааны хөлөг илгээж, Ормузын хоолойн тээврийг хамгаалах олон улсын ажиллагаанд нэгдэх боломжтой гэж мэдэгдсэн. Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хамтран далайн тээврийн аюулгүй байдлын ажиллагааг дэмжиж байгаа ч “бүс нутаг дахь тулаан намжсаны дараа” хэрэгжинэ гэдгийг онцолжээ.
Үүний хариуд Иран Франц болон Их Британийн аливаа цэргийн байршуулалтад “шуурхай бөгөөд шийдэмгий” хариу өгнө гэж анхааруулсан байна. Харин Э.Макрон Франц улс тэнгисийн цэргийн довтолгооны ажиллагаа төлөвлөөгүй, зөвхөн “Ирантай зохицуулсан аюулгүй байдлын механизм” яригдаж байгаа гэж мэдэгджээ. Мөн Иран Персийн булан дахь АНУ-ын Арабын холбоотнуудад дарамт үзүүлж эхэлсэн байна.
Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааны төвийн мэдээлснээр, Катарын Доха хотоос зүүн хойд зүгт 43 км зайд явж байсан нэгэн томоохон тээврийн хөлөг “үл мэдэгдэх суманд” өртөж, бага хэмжээний гал гарсан ч хүний хохирол учраагүй аж. Удалгүй Ираны Фарс агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан, уг хөлөг “АНУ-ын далбаан дор явж байсан” гэж мэдээлжээ.
Мөн Ням гараг /2026.05.10/-т Кувейт улсын агаарын орон зайд нисгэгчгүй төхөөрөмжүүд нэвтэрсэн бөгөөд цэргийнхэн тэднийг “саармагжуулсан” гэж мэдэгдсэн байна. Үүний дараахан АНЭУ Иранаас ирсэн хоёр дроныг замаас нь таслан зогсоосон гэж мэдээлжээ.
Тэгвэл өнөөдөр /2026.05.11/ 40 гаруй улсын батлан хамгаалахын сайд нар уулзаж, Ормузын хоолой дахь тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах Их Британийн санаачилсан төлөвлөгөөг хэлэлцэхээр болжээ. Уулзалтыг Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хийли болон Францын Батлан хамгаалахын сайд Кэтрин Вотрин нар хамтран даргалах бөгөөд гал зогссоны дараа далайн тээврийн хөдөлгөөнийг хэрхэн хамгаалах талаар эвслийн орнуудын хамтарсан төлөвлөгөөг танилцуулах төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: BBC