Сэтгүүлч Л.Баяржаргалын эгч Л.Баярмаа: Дүүг минь ахиад 30 хоног хорих болчихлоо. Хүүд нь их санаа зовж байна

Сэтгүүлч Л.Баяржаргалын эгч Л.Баярмаа: Дүүг минь ахиад 30 хоног хорих болчихлоо. Хүүд нь их санаа зовж байна

Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг хуулийн байгууллагаас шалгаж байгаатай холбоотойгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор бид сэтгүүлч Л.Баяржаргалын эгч Л.Баярмаатай ярилцлаа. 

ВИДЕО:

-ДАРАЛТ НЬ ИХСЭЭД, БИЕ НЬ МУУДААД БАЙГАА УЧИР ХОРИХЫН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙГАА-

-Сэтгүүлч Л.Баяржаргалыг хуулийн байгууллагаас шалгаж байгаатай холбоотойгоор цагдан хориод байгаа. Л.Баяржаргалын биеийн байдал ямар байгаа талаар хоёулаа яриагаа эхлүүлье?

-Зүрхнээсээ болоод даралт нь ихсээд татаж унасан, бие нь муудсан гэх мэдээллийг өмгөөлөгчөөс нь аваад хоёр хоногийн өмнө би очиж уулзсан. Биеийн байдал нь нэлээд хүнд байгаа. Даралт нь ихсээд, бие нь муудаад байгаа учир Хорих 461 дүгээр анги дотроо эмнэлэгт хэвтэж байгаа юм билээ. Намайг очиход эмнэлгийн хувцастай гарч ирж уулзсан. Бид 7 хоногт 2-3 удаа хүсэлт өгч байж нөхөр нь 14 хоногийн дараа нэг удаа, би 20 хоногийн дараа нэг удаа л уулзсан.  

-Цагдан хоригдсоноос нь хойш анх удаа уулзсан гэж байна шүү дээ. Л.Баяржаргал яг юу хэлж байх юм бэ. Энэ талаарх мэдээллийг өгч болох болов уу?

-Уулзалтын 20 минут маш хурдан өнгөрсөн. Дүү маань хэргээ шалгуулаад удахгүй гарна. Хүүг минь  сайн харж байгаарай гэж хэлсэн. Манай аав, ээж хоёр 70 гаруй насны өндөр настай хүмүүс байдаг болохоор та хэд маань санаа зовох юм байхгүй. Би шүүхийн шийдвэрийг дагана. Санаа зовох юм байхгүй гэж хэлж байна лээ. 

-Нууц биш бол сэтгүүлч Л.Баяржаргалыг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм бол. Энэ талын мэдээллийг өгч болох уу?

-Манай дүүгийн ажиллуулдаг сайт нь гуравдугаар сарын 09-ний өдөр нэг мэдээлэл бэлтгэсэн байсан. Гэтэл маргааш нь цагдан хорих асуудал яригдсан байдаг. Хууль хяналтын байгууллагад дарамт шахалт үзүүлсэн, заналхийлсэн, бусдыг ажил хийхэд нь саад учруулсан гэдэг мэдээллийг нь бид өмгөөлөгчөөр нь дамжуулж олж авсан. Харин бусдаас мөнгө төгрөг авсан нь тогтоогдсон, тогтоогдоогүй гэдэг асуудлыг тодруулахаар энд ямар ч асуудал байхгүй гэдэг юм. 

-Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа нь дуусаж байгаа байх. Прокуророос Л.Баяржаргалыг үргэлжлүүлэн хорих санал шүүхэд хүргүүлсэн зүйл байгаа болов уу?

-Миний хувьд сэтгүүлч биш, хуулийн байгууллагын хүн биш учраас мэдлэг дутуу болохоор буруу зөрүү зүйл ярьж байж мэднэ шүү. Дүүгийн маань биеийн байдал муудсантай холбоотойгоор бид нар дүүгээ суллуулж, гадуур шалгуулахаар хүсэлт өгсөн байсан. Уг хүсэлтийг лхагва гарагт хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Гэтэл прокуророос өчигдөр цагдан хориог сунгах хүсэлт шүүхэд ирсэн гээд өглөө нь мэдэгдээд өдөр нь шүүх хурал болоод 30 хоног сунгачихсан байгаа. 

-ДҮҮГИЙНХЭЭ ХҮҮД ЭЭЖ НЬ ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН. УДАХГҮЙ ИРНЭ ГЭЖ ХЭЛСЭН БАЙГАА-

-Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорьж шалгаж байгаа, цаашлаад цагдан хорих хугацааг сунгасан уг асуудлыг та Л.Баяржаргалын төрсөн эгчийнх нь хувьд, гэр бүлийнх нь ер нь юу гэж харж байгаа бол?

-Бидний хувьд өмгөөлөгчөөр нь дамжуулаад хууль хяналтын байгууллага, шүүхийн байгууллагад эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан үзээд гадуур шалгаж өгөөч гэдэг хүсэлтийг нь тавьж байгаа. Магадгүй буруутай асуудал байгаа бол ил тод нээлттэй шалгуулж болох байх. Ер нь манай дүү Л.Баяржаргал багаасаа сэтгүүлч болох мөрөөдөлтэй хүүхэд байсан. Тэр хүсэл мөрөөдлөөрөө мэргэжлийнх нь их дээд сургуулийг төгсөөд, энэ мэргэжлээрээ ажилласан. Үнэхээр мэргэжилдээ дуртай, хайртай хүүхэд. Дүү маань уг нь би хуулийн хүрээнд ажилладаг. Бидний ажил ийм болохоор л хууль, шүүхийн байгууллагаар шалгуулдаг. Та санаа зовох хэрэггүй л гэдэг юм. 

Мөн бид ард түмэнд үнэн, бодит мэдээллийг хүргэх ёстой. Хэрэв бид мэдээлэхгүй бол энэ хүмүүс мэдэхгүй. Тийм болохоор Эмээлтийн өмхий махны асуудал гээд энэ бүхнийг мэдээлдэг. Та үүнийг ойлгохгүй ээ л гэдэг юм. Тийм болохоор ч бид "За үнэхээр ажлаа мэдэж байгаа бол асуудалгүй дээ гэж боддог байлаа. Гэтэл ахиад л 30 хоног хориод шалгах болчихлоо. Хүү нь ээжийгээ санаад бэтгэрэх байх даа л гэж их санаа зовж байна. 

-Хүүд нь нөхцөл байдлыг хэлсэн байгаа болов уу. Ээжтэй нь уулзуулсан уу?

-Үгүй ээ. Хүүд нь ээж нь эмнэлэгт хэвтсэн. Ярих боломжгүй байгаа. Ээж нь удахгүй ирнэ гээд хэлсэн байгаа. 

-Настай ээж аавынх нь нөхцөл байдал ямар байгаа бол?

-Манай аав, ээж 70 гаруй насны хүмүүс байдаг. Мэдээж охин нь хоригдож байгаа болохоор санаа нь их л зовж байгаа байх. Гэхдээ түүнийг мэдэгдэхгүйн тулд "Бид хоёр гайгүй ээ. Цай сүүнийхээ дээжийг өргөж байгаа. Миний охины асуудал удахгүй шийдэгдээд гараад ирнээ" л гэсэн итгэл найдвартай сууж байгаа. Аав ээж маань өвдөж зовж байгаагаа дүүд минь мэдэгдэхгүй гээд, харин дүү минь тэнд өвдөж, зовж байгаагаа аав ээжээсээ нуугаад нэг иймэрхүү л нөхцөл байдалтай байгаа бид бүхэн. 

-ДҮҮ МАНЬ ШАЛГУУЛАХГҮЙ ГЭЭД ЗУГТАХ ГЭЭД БАЙГАА ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ УЧИР ГАДУУР ШАЛГАЖ ӨГӨӨЧ ЭЭ Л ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНА-

-Хууль хяналтын байгууллагынхан асуудлыг шалгах нь мэдээж тэдний ажил. Гэхдээ энэ асуудлыг заавал цагдан хорихгүйгээр гадуур шалгаж өгөөч л гэдэг хүсэлтэй байгаад байх шиг байна гэж харлаа?

-Тийм ээ. Дүү мань шалгуулахгүй гээд зугтаж, бултах гээд байгаа зүйл огт байхгүй. Харин гэм буруутай эсэхийг нь гадуур л шалгаад өгөөч ээ л гэдгийг л хүсмээр байгаа юм. Би өдий наслахдаа Хорих 461 дүгээр ангид очиж үзээгүй байсан. Харин сая дүүгээ эргэх гээд очиход тэр газар үнэхээр хэцүү газар байдаг юм билээ. Үнэхээр би төсөөлөөгүй. Үнэхээр аймар байсан. Ийм үед дүүгийн минь биеийн байдал, бидний нөхцөл байдлыг асууж, ярилцлага авсан танай сайтын хамт олонд баярлалаа. Мөн энэхүү ярилцлагаараа дамжуулаад дүүгийн минь биеийн байдлыг харгалзан үзээд гадуур шалгаж өгөөч ээ л гэж хүсмээр байна.  Дүү маань хоригдож байх хугацаандаа биеийн байдал нь хүндрээд Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч, эмчилгээнд орсон асуудал хүртэл байгаа. 

-Таны хувьд Л.Баяржаргалын төрсөн эгч нь. Хоёр ах нь тэтгэвэрт байдаг гэлээ. Ер нь Л.Баяржаргалын ажил үүргийг нь үргэлжлүүлээд авч явах гэдэг юм уу, эрх ашгийг нь хамгаалаад явах танаас өөр гэр бүлийнх нь хүн байгаа болов уу?

-Манай хоёр ах хуулийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан хүмүүс байдаг. Гэхдээ бид нар гурав, дүүгийнхээ гэр бүлийнх нь хүнтэй дөрвүүлээ яах уу ийх үү гээд л гүйж байна. Бид нар чинь хөндлөнгөөс харж байгаа хүмүүс болохоор "Зариг"-ийн Өнөрөөг яалаа, сунгасаар байгаад яалаа гэсэн айдастай л байна. Бид Өнөрцэцэгийг ямар хэргээр шоронд орсныг нь мэдэхгүй ч гэлээ яагаад гадуур шалгаагүй юм бол гэхчлэнгээр ард түмнийхээ л өнцгөөр асуудлыг харж байгаа шүү дээ. Нөхөр нь ажлаасаа чөлөө авсан. Бараг л ажлаа өгөхөөр болж байгаа. Сайтын нь үйл ажиллагааг хэвийн явуулахаар хичээж байгаа. Сэтгүүлч нар нь бас мундаг байгаад баярлаж байгаа. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө