“Монголын төмөр зам” ТӨХК (МТЗ)-ийн зарласан тендерүүдтэй холбоотой ноцтой мэдээллүүд олон нийтийн анхаарлыг татаад байна. Тодруулбал, МТЗ-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун болон тус компанийн зарим удирдлагуудтай холбоотойгоор “Батжин харгуйн зам” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гэх асуудал хөндөгдөж эхэллээ.
Нэгдүгээрт, “Батжин харгуйн зам” ХХК нь МТЗ-өөс зарласан нийт 30 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хэд хэдэн тендерт шалгарсан байна. Гэвч тус компани гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй төдийгүй хууль хяналтын байгууллагын шалгалтаар тус компанийн захирал О.Ганхуяг тендерт оролцохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдож, яллагдагчаар татагджээ.
Хоёрдугаарт, 2026 оны нэгдүгээр сард МТЗ ТӨХК болон “Батжин харгуйн зам” ХХК хооронд дахин 13.1 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулагдсан байна. Гэвч тус компанийн захирал гэх О.Ганхуяг “Манай компанийн тендерээр авсан мөнгийг МТЗ-ийн удирдлагууд хувааж авсан” хэмээн мэдэгдсэн байна. Тус ярилцлагын дараа МТЗ-д Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Даваажаргалын хамт хил давжээ. Тэрбээр одоо хүртэл сураггүй байгаа аж.