“Туулын хурдны зам” төсөл бол нийслэлийн замын ачааллыг бууруулах зорилготой томоохон бүтээн байгуулалт юм. Иргэдийн зүгээс уг төслийг байгаль орчинд сөрөг нөлөөтэй, өндөр өртөгтэй, мөн дотоодын аж ахуйн нэгжүүдэд боломж олгоогүй хэмээн шүүмжилж, “Хатан туулаа хамгаалъя” нэртэй жагсаалыг зохион байгуулсан билээ. Үүний дараа уг асуудал улс төрийн түвшинд хэлэлцэгдэж эхэлсэн юм. Ингээд уг төслийг хууль хяналтын байгууллагаар шалгаж дуусах хүртэл түр хугацаанд зогсоох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан.
ВИДЕО:

- "ХАОЮАНЬ ЖЕНЕРАЛ КОНСТРАКШН" ХХК ДӨРВӨН КЕМП БАЙГУУЛАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА -
Гэсэн ч иргэдийн хэлж буйгаар, төслийн гүйцэтгэгч "Хаоюань женерал констракшн" ХХК дөрвөн кемп байгуулан үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байна гэсэн юм. Тиймээс бид нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжилахаар уг төслийн хамгийн том байршил болох гуравдугаар кемп дээр очлоо. Ажлын талбай дээр очиход, хамгаалалтын ажилтнууд биднийг дотогш орохыг зөвшөөрөөгүй юм. Түүнчлэн орчуулагч гэх тус ажилд хамааралтай албаны хүмүүс нь тайлбар өгөхөөс татгалзлаа. Иймээс бид хашааны гаднаас л ажиглахаас өөр аргагүйд хүрсэн юм.

- МАШИН ТЕХНИКҮҮДЭЭ ЗАСАЖ, СЭЛБЭЖ, АЖИЛДАА БЭЛДЭЭД БАЙГАА -
Талбайн үүдэнд зогсож буй хамгаалалтын ажилчдын хэлж буйгаар “Ажил зогссон. Одоо бол машин техникүүдээ засаж сэлбэж, ажилдаа бэлдээд байгаа. Том дарга нар нь ирэхгүй байгаа. Машин техникүүд нь ч гарч явахаа болисон. Бид юу ч мэдэхгүй” гэсэн юм. Харин хариуцсан хүмүүс нь бидэнд яриа өгөхөөс эрс татгалзан, холбооны цаанаас “хурдан явуул” хэмээн зандарч байлаа.
Ийм л хариу сонсоод кемпийн дүр зургийг гаднаас нь хэсэг ажиглан сонсоход, аман дотор цагаан шороо бургиад л байх. Бид анх 12:30 цагийн орчимд очоод хашааных нь гаднаас харахад ганц нэгхэн машин нааш цааш холхин эл хульхан байсан нь ажилчид цайндаа орсон үе таарчээ. Ингээд тойрч яваад 13: 00 цагт хаалганых нь үүдэнд очиход цайны цаг дуусч хүмүүс олширч байлаа. Ингээд “цэцэг ургах” шиг талбай дээр шар өнгийн ажлын хувцастай хүмүүсийн тоо аажим аамжим нэмэгдсээр нэлээн хэд болоод авлаа.

- ЖИЖИГ ХЭМЖЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЧИХСЭН Ч БОЛМООР САЙХАН МАШИНУУД БАЙНА-
Барилгын талбай дээрх хүнд даацын автомашинууд бол энд нэлээдгүй удсан шинжтэй эгнэн зогсож байв. Тэднийг тоолвол 20 гаруй том оврын ачааны машин, бетон зуурмагийн машин 10 гаруй мөн кран, бульдозер, экскаватор гээд жижиг хэмжээний үзэсгэлэн нээчихсэн ч болмоор "сайхан" тоног төхөөрөмжүүд байна. Төдөлгүй дээр дурдсан экскаватор ч шороо ухаад маналзуулж яваа нь бас харагдсан юм. Мэдээж энд ажилчдын байр бололтой нэг давхар урт хар байшин байх бөгөөд үүдэнд нь нэлээдгүй олон суудлын автомашинууд байх аж.

БНХАУ-ын "Хаоюань женерал констракшн" ХХК-ийн хувьд "Туулын хурдны зам"-ын тендерт шалгаран, 400 гаруй тэрбум төгрөгийн урьдчилгаа авч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан. Харин одоо ганц хийж буй ажил нь ингээд “гацаанд” орчихсон тул, техникүүдээ арчлан, кемпээ өргөжүүлж, хамгаалалтын ажилтны хэлдгээр юунд ч юм “бэлдээд” л, яриа ч өгөх завгүй л “ажиллаж” байна даа.
