УИХ-ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн (2024.05.29) сонсгол гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр 11 цаг 02 минутад Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх сонсголд нийт 61 гэрчийг дуудсан байна.
Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэв. Үндэсний геологийн албанаас хийсэн танилцуулгаар Монгол Улсын хэмжээнд 1997-2023 оны хооронд хайгуулын 14299 тусгай зөвшөөрөл олгогдсон бол ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл олгогджээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьд хайгуулын болон ашиглалтын лиценз олгогдсон гэсэн үг аж. Дорноговь, Өмнөговь аймагт хамгийн их ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа бол 2004 онд хамгийн их хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байсан аж. Тодруулбал, 2053 тусгай зөвшөөрөл энэ онд олгогдож байжээ. 2019-2023 оны байдлаар голлох таван төрлийн ашигт малтмалаар сүүлийн таван жилд 5, 246.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрчээ. Улсын төсөвт төвлөрсөн нийт орлогын 60 хувийг нүүрсний олборлолт, борлуулалт эзэлж буй юм байна. Голлох ашигт малтмалын таван төрөлд нүүрс, алт, зэс, цайр, төмрийн хүдэр, жонш зэрэг эзэлж байна. Сонсголыг УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан удирдаж байгаа бол тус түр хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар ажиллажээ.
Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан “Миний бие Улсын Их Хурлын гишүүний хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын хяналтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасанчлан аливаа хуулийн этгээд, иргэний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн үзэхийн зэрэгцээ гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд үндэслэн сонсгол явагдана” хэмээлээ.
Тэрбээр энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол нь эрдэм шинжилгээний хурал биш гээд “Хэн нэгнийг гэмт хэрэгтэн, буруутан болгож шүүхгүйгээс гадна гэрчээр дуудагдан ирж тайлбар, мэдээлэл өгч байгаа аливаа хуулийн этгээд, албан тушаалтан, иргэнийг гэм буруутан мөн, биш гэж үнэн худал, зөв буруугаар нь шүүхгүй” хэмээн тэмдэглэсэн. Түүнчлэн сонсголоор гэмт хэрэгтнийг илрүүлэх, буруутгах, илчлэх мөрдөн байцаалтын үйл ажиллагааг явуулахгүйн зэрэгцээ улс төр, популизм хийхгүй, олон нийтийн өмнө аливаа байдлаар худал мэдээлэл өгөхгүй, хууль бус үйлдэл гаргахгүй байх зарчмыг баримталж буйгаа онцоллоо.
Монголын алт ашиглалтын 19, Гацуурт 15, Бүрдэл майнинг 13, Хүннү говь-Алтай 12, Сэкер ресорсус монголиа 11, МАК цемент 9 зөвшөөрөлтэй байна. Хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа 25 иргэний жагсаалтыг гаргахад Б.Нямтайшир 41, Д.Хулан 40, Н.Номтойбаяр дээр 40 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Шалгалтын хугацаанд нийт 53 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан ч өнөөдрийн байдлаар 41 байгууллага хариу ирүүлсэн бол 12 байгууллага огт хариу ирүүлээгүй байна. Хариу ирүүлсэн байгууллагуудаас 9 нь нотлох баримтын хүрээнд шаардлага хангах бүрэн баримт ирүүлээгүй аж.