Өмнөговь аймгийн дугаар цэргийн ангийн малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч С нь энэ сарын 25-ны /2026.03.25/ өдөр цэргийн ангийн тэмээн сүргээ эргүүлэхээр мотоциклтой яваад сураггүй алга болоод байсан юм.
Улмаар Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, нутгийн иргэд, ар гэрийнхнийх нь бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, сураггүй алга болсноос хойш тав дахь /2026.03.29/ өдөр нь малын сууринаас зүүн тийш 50 гаруй км зайд, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Хар заг” багийн нутгаас эсэн мэнд олсон.
Өдгөө цэргийн алба хаагчийг Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд үүрэг гүйцэтгэж байсан цэрэг сураггүй алга болсон асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тухайн цэргийн алба хаагч нь "Тэмээн сүргээ эргүүлэхээр яваад сураггүй болсон" хэмээн хил хамгаалах байгууллагаас мэдээлж байгаа ч түүнийг үнэхээр тэмээндээ яваад сураггүй алга болсон уу, эсвэл ямар зорилгоор явсан зэрэг асуудлыг шалгаж тогтоох аж. Хэрэв албаныхны өгч буй мэдээлэл баттай бол уг асуудлыг Хил хамгаалах ерөнхий газар дотооддоо шалгаж, холбогдох албан тушаалтнуудад нь хариуцлага тооцох асуудал яригдах юм байна.
Учир нь малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагч оргон зайлсан эсэх нь эргэлзээтэй, сураггүй алга болсон атал тухайн цэргийн ангийн удирдлагууд дээд шатны байгууллага болох Хил хамгаалах ерөнхий газартаа мэдэгдэхгүй, нуун далдалж, цаг алдсан гэх асуудал хөндөгдөх аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар таван өдрийн турш сураггүй алга болоод байсан цэргийн алба хаагч С нь "Тэмээ хариулахаар яваад унаж явсан мотоциклдоо дарагдаж унаад босож чадахгүй хоёр хоносон. Харин арай гэж босоод явах гэтэл мотоцикл эвдэрсэн байсан. Тэгээд буцаж чадахгүй ахин нэг хоносон" хэмээн мэдүүлжээ.

Хугацаат цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаад сураггүй алга болсон асуудалд тухайн цэргийн ангийн удирдлагууд болоод малын суурийн дарга нарыг мөн шалгаж байгаа юм байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн цэргийн алба хаагчийг цэргийн ангийн удирдлагууд нь "Хар сүүлт олж ир" хэмээн хээр явуулсан байж магадгүй гэх хардлага байгаа аж."
Учир нь бүтэн жил орчим цэргийн алба хааж, нэг сарын дараа халагдах гэж байгаа цэрэг малынхаа байц, газар нутгийн байршлаа сайтар мэдэж байх учиртай. Атал малын сууринаас 50-60 км зайд хээр осолдсон байсан нь дээрх хардлагыг төрүүлж байгаа юм байна. Ямартай ч малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагч сураггүй алга болж, улмаар тав хоногийн дараа олдсон асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.