Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжаан бүс нутагт шүлхий өвчний шинэ тохиолдол илэрч, эрх баригчид хилийн хяналтыг чангатган, халдвартай мал сүргийг устгаж эхэлснээ мэдээллээ.
Хятадын хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт нийт 6,229 толгой малтай хоёр сүргийн 219 үхрээс шүлхий өвчний шинэ төрлийн вирус илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан Ганьсү мужид мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч, малын хууль бус тээвэрлэлтийг хязгаарлажээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг вирус нь одоогийн вакцинд тэсвэртэй, халдварлах чадвар өндөртэй бөгөөд “гадаадаас нэвтэрсэн байх магадлалтай” гэж дүгнэсэн байна. Шинжаан нь Орос, Казахстан, Монгол улстай хил залгадаг бүс нутаг юм. Үүний зэрэгцээ Орос улсын олон бүс нутагт халдварт өвчин тархсантай холбоотойгоор малыг олноор устгаж байна. Ялангуяа Алтайн хязгаар-т устгал эрчимтэй явагдаж, нийт устгасан малын ихэнхийг бүрдүүлжээ. Энэ оны хоёрдугаар сараас хойш тус улсын есөн бүс нутагт нийт 90 мянга орчим малыг устгасан байна. Нөхцөл байдалтай холбогдуулан Казахстан улс ОХУ-аас мал, мах импортлохыг хориглоод байгаа бол Дэлхийн Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага өмнө нь ОХУ-ыг шүлхий өвчнөөс ангид улс гэж хүлээн зөвшөөрч байв. Хэрэв энэ статус өөрчлөгдвөл тус улсын экспортод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байна.