Сүүлийн үед Ойрх Дорнодын нөхцөл байдал ширүүсээд буй. Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 3-нд Израил улс Иранд цохилт өгсний улмаар Ираны зүгээс ерөнхий Ормузын хоолойг хааж буйгаа мэдэгдсэн байдаг. Гэтэл энэхүү хоолойн дэлхийн газрын тос тээвэрлэх амин сүнс. Энэ нь манайх шиг импортын непьт хэрэглэгдэг улс орнуудын хувьд хүндхэн шийдвэр. Үүний улмаар Монгол улсад дизель түлшний үнэ 300-400 нэмэгдэнэ гэх мэдээлэл гарсан билээ. Гэвч энэхүү шийдвэр бодитоор хэрэгжихээс өмнө зах, худалдааны төвүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бага багаар нэмж эхэлжээ.
ВИДЕО:
-14 ХОНОГИЙН ХУГАЦААНД ИРГЭДИЙН ӨДӨР ТУТАМДАА ХЭРЭГЛЭДЭГ ЗАРИМ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 200-5000 ТӨГРӨГӨӨР ӨССӨН БАЙНА-
Уг асуудлын талаар бид “Барс” бөөний худалдааны төвийн худалдаа эрхлэгчдээс тодруулсан юм. Худалдаа эрхлэгчдийн өгсөн мэдээллээр сүүлийн 14 хоногийн хугацаанд иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ 200-5000 төгрөгөөр өссөн байна.
Тухайлбал байцаа, лууван, төмсний 1гк-ын үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж 2800-3500 төгрөгт хүрсэн бол манжин болон монгол сонгино тус бүр 1 кг-ын үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж 4500 төгрөг болсон байна. Харин 25 кг-ын савлагаатай цагаан будааны үнэ 5000 төгрөгөөр 1 кг нь 150 төгрөгөөр, ургамлын тосны үнэ 1000 төгрөгөөр нэмэгджээ. Мөн эдгээр бүтээгдэхүүнээс гадна бусад өргөн хэрэглээний 30 гаруй бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 4.8-38.3 хүртэлх хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тэгвэл энэ удаагийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг худалдаа эрхлэгчид дараах байдлаар тайлбарлалаа.

-БЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЖ БАЙГАА БОЛОХООР БИД ЭРСДЭЛЭЭ ТООЦООД БАРААНЫХАА ҮНИЙГ НЭМЭХЭЭС ӨӨР АРГА БАЙХГҮЙ-
Худалдаа эрхлэгчид “Бид нар хүссэндээ үнээ нэмэхгүй байгаа. Нэмээд ч шалиагүй. Цаанаас авсан үнэ дээрээ зарим бараанд 200, 300 төгрөг зарим бараанд 500-1000 төгрөг л нэмж байгаа. Бид нарт бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа газрууд л цаанаа үнээ нэмж байгаа гэсэн үг. Өнөөдөр Монголын нөхцөл байдал хэцүүдэж байна шүү дээ. Гадны орнуудын дайн дажнаас болоод манай улсад орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэж байна шүү дээ. Тээвэрлэлтийн үнэ хөлс гээд цаанаас бидний гар дээр ирэхдээ бишгүй л хэдэн цаас нэмэгдэж ирж байна. Ядаж байхад манай улс өөрсдөө газрын тосоо боловсруулдаггүй болохоор Ойрх Дорнодын хэцүүхэн цаг үеэс болоод бензин түлшний үнэ хүртэл нэмэгдэж байна. Бензиний үнэ нэмэгдэж байгаа болохоор бид эрсдэлээ тооцоод барааныхаа үнийг нэмэхээс өөр арга байхгүй. Уг нь барааны үнэ гайгүй тогтвортой байсан юм сүүлийн 14 хоногт л цаг үеэ дагаад нэмэгдэж байна” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн юм.
Зах зээлийн бичигдээгүй хууль ёсоор барааны үнэ нэгэнт өссөн бол буцаж буурах нь ховор. Нэг ёсондоо иргэдийн амьжиргаанд ирэх дарамт улам бүр нэмэгдэж байгаагийн нэг илрэл юм.
