Б.Болор-Эрдэнэ: Орхон сургуулийг төгссөн Х.Нямбаатар боловсрол, туршлага, мэдлэгээрээ "миний орлогчид ч тэнцэхгүй хүн"

Б.Болор-Эрдэнэ: Орхон сургуулийг төгссөн Х.Нямбаатар боловсрол, туршлага, мэдлэгээрээ "миний орлогчид ч тэнцэхгүй хүн"

Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж, “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж буй иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулсан нь олон нийтийн анхаарлыг татлаа.  Тэрбээр энэ үеэр олон хүний нэр цохож, олон асуудлыг хөндсөн. Тухайлбал, Нийтлэлч Б.Болор-Эрдэнийг өөрийнх нь орлогч болох хүсэлтийг хүлээж, аваагүй учраас Туулын хурдны замын байгуулалтыг эсэргүйцэж буй гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд буй. Тэгвэл уг асуудлыг нийтлэлч Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

ВИДЕО:

"ГАДААДЫН КОМПАНИЙГ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА ХҮНД АЖИЛЛАХ НЬ МИНИЙ ЗАРЧИМД НИЙЦЭХГҮЙ"

-Хотын дарга Х.Нямбаатар таныг өөрийн орлогчоор ажиллах санал тавьсан ч та хүлээж аваагүй учраас Туулын хурдны замын төслийг эсэргүүцэж байна гэж мэдэгдсэн. Ийм зүйл болсон уу?

-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн нэрийг барьсан байсан. Гэтэл би түүнтэй бараг дөрвөн жил уулзаагүй. Тэгэхээр түүгээр дамжуулж орлогчийн албан тушаалын лобби хийсэн гэх нь утгагүй. Хүний карьер, албан тушаал гэдэг ахиц дэвшил, нийгэмд оруулах хувь нэмэр байх ёстой. Гэтэл голын хэвлийг ухаж, улсын төсвөөс гадаадын компанийг санхүүжүүлж байгаа орчинд ажиллах нь миний зарчимд нийцэхгүй. Өнөөдөр улсын төсвийн 600 орчим төслийн 25 хувийг ганц зам, гүүрт зарцуулах гэж байна. Би энэ асуудлыг өмнөөс нь шүүмжилж ирсэн. Ийм байр суурьтай байж тухайн хүний орлогч болно гэдэг логикгүй.

-Та Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой ажиллаж байгаагүй гэж ойлгож болох уу?

-Тийм. Тухайн үед зөвлөх, багт нь ажиллах санал ирж байсан ч би татгалзсан. Ерөнхий сайдын багт орохоос татгалзсан хүн Х.Нямбаатарт очиж ажиллана гэж байхгүй. 

-Хотын дарга иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж, төслийг зогсоохыг эрс эсэргүүцнэ гэж мэдэгдсэн. Та эсрэг байр суурьтай байгаа. Танд дарамт шахалт ирж байна уу?

-Зохион байгуулалттайгаар хуурамч мэдээлэл тарааж байна. Энэ нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж буй хэрэг. Сошиал орчинд олон бот, тролл хаяг ажиллаж байна. Миний ажиглалтаар эдгээр нь энгийн хэрэглэгчид биш, зохион байгуулалттай ажиллагаа. Ийм хэмжээний тролл ферм их хэмжээний зардал шаарддаг тул гаднын оролцоо байх магадлалтай.

-Иргэд олон нийт ёс зүйгүй, бүдүүлэг үйлдлүүдийг шүүмжилж байна. Та үүнийг хувь хүний хувьд хэрхэн харж байна вэ?

- Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ замын дунд хоёр дахь дүрээ авсан мэт байдал харагдаж байна. Миний бодлоор тодорхой улс төрийн фракц бий болгох явцдаа өөрсдөө ард түмний язгуур эрх ашиг, үүрэг хариуцлагын эсрэг үйлдэл хийж, улмаар эрх мэдлээс буух нөхцөлд хүрсэн. Буухаасаа өмнө Х.Нямбаатарт ачаа үүрүүлсэн гэж харж байна. Х.Нямбаатарын хувьд нэг хүний даах хэмжээнээс давсан, хэт төвөгтэй санхүү, улс төрийн механизм дунд орсон мэт харагдаж байна. Үүнээс шалтгаалаад түүний үйлдэл улам хиймэл, дүр эсгэсэн шинжтэй болж, бодлогын бус, шоу хэлбэр рүү орж байна. Сүүлийн үед түүний үйлдлүүд улам драматик болж, олон нийтэд ойлгомжтойгоор “дүр” нь уншигдаж эхэлж байна. Хүн гэнэт өөрчлөгдөх боломжгүй учраас энэ нь улам хурц хэлбэрээр илэрч, зарим тохиолдолд бодлогогүй, хэтрүүлсэн байдлаар гарч байна. Нөгөө талаас буцах боломжгүй болсон мэт, шахалттай байдал ажиглагдаж байна. Энэ нь өөрөө илүү эрс, хэт үйлдэл гаргахад хүргэж байгаа шинжтэй харагдаж байна.

- Иргэдийн бухимдлыг харахад огцрох шаардлага бүхий жагсаал дахин өрнөх нөхцөл бүрдсэн гэж үзэх хүмүүс байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Манай улс төрд ийм драматик, жүжиглэлт шинж давамгайлж, байнга хурцадмал нөхцөл рүү түлхдэг хандлага бий болсон. Энэ нь талбай дээрх эсэргүүцэл, мөргөлдөөнөөр төгсөх хүлээлт үүсгэдэг. Гэвч ийм үйл явц асар их цаг хугацаа, нөөц, энергийн гарз дагуулдаг.Аливаа асуудлыг эхлээд зарчмын дагуу, ойлголцож шийдэх ёстой. Нийслэлийн удирдлагын түвшинд ийм байдал үүсэж байгаа нь өөрөө ноцтой асуудал. Иргэдийн байр суурь тодорхой байна. Туул голыг хөндөхгүй байх, улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх. Энэ бол иргэдийн хүсэл зориг. Харин сонгогдсон удирдлага энэ хүсэл зоригийг төлөөлөх үүрэгтэй. Гэтэл иргэдийн эсрэг байр суурь илэрхийлж, жагсаалын эсрэг жагсаал зохион байгуулах нь ардчиллын суурь зарчимтай нийцэхгүй. Хуулийн хүрээнд ч, энгийн эрүүл ухааны түвшинд ч зөвтгөхөд бэрх. Эцэст нь энэ нь засаглалын асуудал. Ийм хэмжээний төсөв, бодлогын шийдвэрийг нэг хүн дангаар гаргах ёсгүй. Парламент, Засгийн газрын хяналт, тэнцвэр зайлшгүй шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө