Улсын заан Д.Анар, Улсын харцага Г.Бадрах, Э.Даш нар "Алтан цом"-ын гуравдугаар тойрогт даваа наймалцан, барилдаагүй байж магадгүй байна

Улсын заан Д.Анар, Улсын харцага Г.Бадрах, Э.Даш нар "Алтан цом"-ын гуравдугаар тойрогт даваа наймалцан, барилдаагүй байж магадгүй байна

Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг бөх сонирхогчдын хамгийн ихээр хүлээн үздэг тойргийн барилдаан бол “Алтан цом”-ын барилдаан юм. Тус барилдаан нь үндэсний бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон хүүхэд залуусыг үндэсний бөхөд дурлуулсан гэхэд хилсдэхгүй. “Алтан цом”-ын барилдаан 2022 болон 2023 онуудад бөхчүүд аймгаараа хуваагдан алтан цомын төлөө өрсөлддөг байсан бол энэ жилийн “Алтан Цом”-ын барилдаан шинэчлэгдэж  чансаа өндөр 64 бөх үндэсний шилдэг байгууллагуудын нэр дээр барилдсан юм.

Өмнө жилүүдэд нутаг нутгийн дэвжээгээрээ баг болон өрсөлддөг байхад "Багуудын чансаа харилцан адилгүй, хүч тэнцвэргүй барилдаан болж байна" гэх шүүмжлэл дагуулдаг байсан бол энэ жилийн багуудад хуваагдсанаар “Алтан цом”-д ямар баг түрүүлэхийг урьдчилж таахын аргагүй нөхцөл байдлыг бий болгож, хүлээлт үүсгэж байсан юм. Баг тус бүр найман гишүүнтэй байх бөгөөд үндэсний компаниуд гурван гишүүнийг шууд сонгож, үлдсэн таван бөхийг багууд ээлжлэн сонгож багаа бүрдүүлсэн байдаг.

“Алтан цом”-д оролцож буй багуудын хувьд 200 сая төгрөгийн бооцооны мөнгийг төлдөг.

-УЛСЫН ЗААН Д.АНАР БЭРТЭЛТЭЙ ГЭЖ ХУДАЛ ХЭЛЖ  ХЭД ХЭДЭН БАРИЛДААНД БАРИЛДААГҮЙ-

Гэвч өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон “Алтан цом”-ын зургаадугаар тойргийн барилдаанд “Од групп” баг 25:0 харьцаатайгаар “Хүлэгү” багийг буулган авсан нь олны шүүмжлэлийг дагуулсан юм. Тодруулбал, барилдааны нэгдүгээр тойрогт “Хүлэгү” багийн гол гишүүд болох улсын заан Д.Анар, улсын заан Б.Серик, улсын харцага Г.Бадрах, улсын харцага Э.Даш, аймгийн арслан Н.Намнансүрэн нар барилдаагүй. Харин хоёрдугаар тойрогт улсын заан Б.Серик, аймгийн арслан Н.Намнансүрэн нар барилдсан билээ.

Тэгвэл тус барилдаанд багийн бөхчүүд яагаад ирж барилдаагүй талаар Хүлэгү” багийн ойрын эх сурвалжаас тодруулахад, “Энэ зөрчил эртнээс эхэлсэн. “Алтан цом”-ын гуравдугаар тойрогт “Миг Даатгал" ХХК, "Хушхан" ХХК-ийн "Эв Монгол" багтай хийсэн барилдаанд улсын заан Д.Анар, улсын харцага Г.Бадрах, Э.Даш нар бэртэл авсан хэмээн тус барилдаанд оролцоогүй. Тухайн үедээ бэртсэн гэдэгт нь итгэсэн ч хожим ямар ч бэртэлгүй байсныг нь багийн зүгээс мэдсэн.

“Эв Монгол” багийн улсын арслан Э.Оюунболдтой манай багийн зарим бөхчүүд их ойр байдаг болохоор бэртэлтэй гэж худал хэлж даваа наймаалцсан гэж хардаж байгаа.

Гэхдээ бид энэ асуудлыг тухайн үедээ олон нийтэд мэдээлээгүй орхисон. Түүний дараа “Хүлэгү” багийн эзэн Ж.Нурбек гуравдугаар сарын 21-нд болсон “Наурыз 2026” барилдаанд барилдахыг улсын заан Д.Анараас хүссэн ч мөн л адил “Бэртэлтэй, боломжгүй” гэж хэлсэн. Гэтэл энэ барилдааны маргааш нь буюу гуравдугаар сарын 22-нд болсон “Моби 30” барилдаанд улсын заан Д.Анар барилдсан. Харин өмнөх долоо хоногт болсон “Алтан цом”-ын зургаадугаар тойргийн барилдаанд заан Д.Анар, харцага Г.Бадрах, Э.Даш нарын бөхчүүд барилдахгүй гэдгээ урьдчилж хэлэлгүй алга болсон.

Цахим хуудсаар бөхчүүддээ цалин, мөнгөө өгөөгүй гэх мэт худал мэдээллүүд их явж байна лээ. Багийн зүгээс үндсэн гэрээнд заасан цалингаа бүгдийг нь ёс журмын дагуу өгсөн баримт бүгд байгаа. Гэхдээ энэ мэт олон асуудал гаргасан учир бонус цалингаа бол өгөөгүй байгаа нь үнэн” гэлээ.

Бид тэнцвэртэй мэдээлэл хүргэх зорилгоор улсын заан Д.Анар, улсын харцага Э.Даш нараас үүсээд буй асуудлын талаар тодруулах гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байв.

Энэхүү хоёр бөхийн хувьд “Алтан цом”-ын зургаадугаар тойрог явагдаж байх үед Дорнод аймагт барилдаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Харин уг асуудлын хүрээнд “Үндэсний бөхийн холбоо” удахгүй хуралдах гэж байгаа бөгөөд “Алтан цом”-д өрсөлдөж байгаа хэд хэдэн багуудаас “Хүлэгү” баг бөх сонирхогчид болон үзэгчидэдээ хүндлэлгүй харьцсан гэх шалтгаанаар “Хүлэгү” багтай барилдахгүй гэсэн албан мэдэгдэл “Үндэсний бөхийн холбоо”-нд хүргүүлсэн байгаа аж.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө