М.Говьсайхан: “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн хүрээнд 88 тэрбум төгрөгийн хөрөнгийн үнэлгээний мөнгийг иргэдийн данс руу шилжүүлээд байна

М.Говьсайхан: “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн хүрээнд 88 тэрбум төгрөгийн хөрөнгийн үнэлгээний мөнгийг иргэдийн данс руу шилжүүлээд байна

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, гэрээ байгуулах ажил үргэлжилж, иргэдийн дансанд мөнгө нь шилжээд орж эхэлсэн байна. Энэ талаар "Нийслэлийн Орон Сууцны корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайханаас зарим нэгэн зүйлийг тодрууллаа. 

-Сэлбэ дэд төвийн хүрээнд “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн хүрээнд газар чөлөөлөлтөд өртөж байгаа иргэдийн нөхөн олговрыг олгож эхэлсэн гэсэн. Та энэ талаар мэдээлэл өгөөч?

-Сэлбэ дэд төвийн хүрээнд “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн хүрээнд газар чөлөөлөлтөд өртөж байгаа иргэдийн нөхөн олговрыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхлээд байна. Одоогийн байдлаар 500 гаруй өрх газар чөлөөлөлтийн үнэлгээгээ хүлээн зөвшөөрч, гэрээгээ хийгээд байна. Нийтдээ 88 тэрбум төгрөгийн хөрөнгийн үнэлгээний мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэх ажил эдгээр өдрүүдэд хийгдэж байна. Иргэд газар чөлөөлөлтийн үнэлгээнд сэтгэл ханамжтай, дараагийн орон сууцаа сонгох үйл ажиллагаа явагдаж байна.  

-Иргэд газар чөлөөлөлтийн үнэлгээнд сэтгэл хангалуун байна гэлээ. Ер нь иргэдийн газрыг ямар байдлаар, хэдэн төгрөгөөр үнэлж авч байгаа вэ?

-Иргэдийн газар чөлөөлөлтийн үнэлгээний хувьд гурван шатлалт үнэлгээ байгаа. Нэгдүгээрт уулын энгэр дэд бүтэц очих боломжгүй байршил дээр байгаа айлын газрын нэг метр кв-ыг нь 175 мянга, тэрний дараагийн бүсийн газрыг 240 мянга, төв зам дагуу үйлчилгээний талбар дээр байгаа айлын газрыг 380 мянга гэсэн гурван шаталсан үнэлгээгээр үнэлж байгаа. Иргэдийн хувьд газрын үнэлгээнд сэтгэл хангалуун  байна. Учир нь өмнө нь хийгдэж байсан газрын зах зээлийн үнэлгээнээс харьцангуй өндрөөр үнэлж байгаа. Дараагийн нэг үнэлгээ бол үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагууд хариуцан хийж байгаа. Мөн өмнө нь үнэлж байсан элэгдэл, хоргодол тооцдог үнэлгээний зарчмаас татгалзаж, элэгдэл, хоргодол тооцохгүйгээр үнэлгээг хийж байгаа. Ингэснээр иргэдийн газрын үнэлгээ болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ илүү өндөр үнэлэгдэх боломжийг Сэлбэ дэд төвийн хүрээнд бүрдүүлж ажиллаж байна.

-Төслийн хүрээнд нийт хэдэн га талбарыг чөлөөлөхөөс одоогийн байдлаар хэдийг нь чөлөөлөөд байгаа бол?

-Нийтдээ 158 га талбарын 2206 нэгж талбар чөлөөлөгдөх ёстой. Одоогийн байдлаар дөрөвний нэг нь хэлцэл хийгээд үнэлгээгээ хүлээн зөвшөөрөөд явж байна. Долдугаар сарын нэгэн гэхэд энэ тоог 1000-д хүргэхийг зорьж байгаа.

-Орон сууцны барилгыг барих ажил хэзээнээс эхлэх бэ?

-Сэлбэ дэд төвийн хүрээнд 158 га талбарт нийтдээ 12 мянган айлын орон сууц баригдана. Одоогийн байдлаар барилгажилтын зураг төслийн ажил ид үргэлжилж байна. Долдугаар сарын нэгний өдөр гэхэд барилгын зураг төсөл бүрэн дуусаж, наадмын дараагаас барилгын компаниуд, гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулах тендерийг зарлана. Энэ жил бид 1300 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Газар чөлөөлөлттэй холбоотой тулгарч байгаа бэрхшээл юу байна вэ?

-Газар чөлөөлөлтөд тулгарч байгаа нэг асуудал бол иргэдийн бичиг баримтын зөрчил маш ихтэй байна. Тухайлбал, газрын гэрчилгээ эзэмших эрхийн гэрчилгээтэй, өмчлөх эрхийн гэрчилгээгээ аваагүй байгаа асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба газар дээр нь иргэдийн газрыг өмчлөх хэлбэр рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн нас барсан иргэдийн хувьд өв үүсгэх ажиллагаагаа хөөцөлдөөгүй иргэд маш их байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваагүй, 20 гаруй жил амьдарсан хэр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж аваагүй айлуудад гэрчилгээ гаргуулах ажлыг Улсын бүртгэлийн газартай хамтраад түргэвчилсэн байдлаар гаргах ажлыг зохион байгуулж байна. Иргэд хоорондоо газрын маргаантай, хашаа хамар айлуудтайгаа 20,30 см-ын зөрүүн дээр маргаантай айлууд маш их байна. Мөн хаяг дээрээ амьдардаггүй, иргэд нь гадаадад байдаг, эсвэл хашаа байшингаа түрээсэлдэг эзэмшигч нь өөрсдөө ирэхгүй байх тохиолдол зэрэг иргэдийн өөрсдөөс нь шалтгаалж байгаа энэ асуудал газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд хугацааны хувьд хүндрэл учруулж байна. Тиймээс иргэд маань хариуцлагатай байж, бичиг баримтыг зөрчлөө шуурхай арилгуулах энэ ажлаа өөрсдөө хийх шаардлагатай байна. Бид зургаан буудал орчимд Очир төвийн орчимд хуучнаар Жасмин төвд Сэлбэ дэд төвийн нэг цэгийн үйл ажиллагааг явуулж байна. Энд Газрын алба, НОСК, Улсын бүртгэлтийн газар, хөрөнгийн үнэлгээний байгууллагууд, нотариат гээд бүгд нэр доор нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үйлилж байна. Иргэдэд аль болох чирэгдэл багатайгаар газар дээр нь асуудлыг шийдэх ажлыг нийслэлээс шуурхай зохион байгуулж байна. Мөн иргэдийн газар чөлөөлөлттэй холбоотой захирамж гаргах, хөрөнгийн үнэлгээний тайланг хянах ажлыг нийслэл дээр шуурхай зохион байгуулах ажлыг газар дээр нь авч хэрэгжүүлж байна.