Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд орох айлуудад 28 тэрбумын нөхөн төлбөр олгох шийдвэр гарсан даруйд Б.Чойжилсүрэн Увсын малчидтай уулзахаар явжээ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд орох айлуудад 28 тэрбумын нөхөн төлбөр олгох шийдвэр гарсан даруйд Б.Чойжилсүрэн Увсын малчидтай уулзахаар явжээ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг ирэх 2023 онд эхлүүлнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Энэ дагуу тус төслийн гацаа арилж, гараанаас гарч эхэлжээ. Тодруулбал, Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эсэргүүцэж ирсэн малчидтай ойлголцож нөхөн олговрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.

-Б.ЧОЙЖИЛСҮРЭН: БОЛОМЖИЙГ АШИГЛААД БНХАУ-ЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫГ БАРИУЛААД АВАХ НЬ ЗҮЙТЭЙ-

Төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд үндэслэн Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн 125 айл өрх, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 145 айл өрхийг нүүлгэн шилжүүлэх нөхөн олговор олгох арга хэмжээний зардалд 9.2 тэрбум төгрөгийг тусгажээ.

Мөн Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 146 дугаар тогтоолоор төслийн нөлөөлөлд хамаарах айл өрхийн иргэн бүрд 15 сая 200 мянган төгрөгийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн байна. Нэг удаагийн нөхөн олговор олгох энэхүү арга хэмжээнд нийт 18,9 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд улсын төсвөөс гаргах аж. 2023 онд дээрх хоёр нөхөн олговорт 9.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд 9.9 тэрбум төгрөгийг олгох нь. Тус төсөв батлагдсан даруйд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төсөлд хамаарагдах гурван аймаг болох Баян-Өлгий, Ховд, Увс аймагт ажиллаж иргэд, малчидтай уулзсан байна.

Тэрбээр уулзалтын үеэр “Өнөөдөр дэлхийн зах зээлээс мөнгө босгоё гэвэл багадаа 10 хувийн хүүтэй мөнгө л босгохоор байна. Энэ бол хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд асар үнэтэй мөнгө. Дараа нь Монгол Улс төлж дийлэхгүй. Жинхэнэ утгаараа өрийн дарамтад орно. Мөн Орос-Украины дайны нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийтээр эрчим хүчний хомсдол үүсч байна. Европт эрчим хүчний үнийн өсөлт эрчимчиж байна. Бүхий л улс орон эрчим хүчний тусгаар тогтнолыг бий болгох санхүүгийн болон бусад эх үүсвэрийг эрж, сурж, хайж эхэллээ. Иймд өнөөдөр та бид олдсон боломжоо ашиглаад БНХАУ-н хөнгөлөлттэй зээлийн зориулалт нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэж ирсэн дээр бариулаад авах хэрэгтэй. Ийм мөнгө дахиж бидэнд олдохгүй. Илүү өндөр хүүтэй мөнгөөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг бариулна гэвэл худлаа. Алийн болгон эрчим хүчний хараат байдалд зах зээлээ тэлэхгүй, үйлдвэрлэл байгуулахгүй, ажлын байр бий болгохгүй хавчигдмал нөхцөлд амьдрах юм” гэсэн байна.

-ЭРЧИМ ХҮЧНИЙ ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН ӨСЧ, ҮНЭ 90 ДАХИН БУУРНА-

Төслийг эхлүүлэхээр БНХАУ-ын “Пауэр Чайна” компани ажлын талбарт ирсэн бөгөөд нийтдээ 271.48 сая ам.доллараар 61 сарын хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр ажиллах аж. Тус цахилгаан станц нь ашиглалтад орсноор манай улс эрчим хүчний хувьд хараат байдлаас бага ч болов холдож баруун аймгуудын эрчим хүчний хэрэглээ 35 МВт-аас шууд 90 МВт хүчин чадал руу шилжиж, гурав дахин өснө. ОХУ-аас өдгөө баруун таван аймаг 1кВт эрчим хүчийг 280-315 төгрөгөөр худалдан авч байгаа бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор энэ үнэ 37 төгрөг болж, бараг 90-80 дахин буурна. Эрчим хүчний хомсдлын улмаас үйлдвэрлэл эрхлэх боломжгүй байсан бүс нутаг бүхэлдээ дутуудсан бус илүүдсэн эрчим хүчний эх үүсвэртэй болж, жилдээ цахилгаан эрчим хүчний импортод өгдөг 50 гаруй сая ам.доллар нь бүс нутагт нь үлдэж, жилдээ 4.2 сая ам.доллартай тэнцэх татварын орлого татан төвлөрүүлнэ гэж тооцжээ.

Ташрамд дурдахад, тус төслийг гадны байгууллагын нөлөөллөөр зориудаар гацааж байсан байж болзошгүй үйлдлүүд илэрч хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй билээ.