ГЕГ: Нэг сая тонн нүүрс бүртгэлгүй хилээр гарсан нь тогтоогдсон

ГЕГ: Нэг сая тонн нүүрс бүртгэлгүй хилээр гарсан нь тогтоогдсон

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсголд Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал оролцож, нүүрс экспортлох үйл ажиллагаанд гаалийн байгууллагаас хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын талаарх танилцуулгыг хийлээ.

ҮЗЭХ: 

Гаалийн байгуулагаас 2013, 2018, 2022 онд хийсэн дотоод хяналт шалгалтаар Гашуунсухайт боомтоор нүүрс экспортлох үйл ажиллагаанд хууль зөрчсөн байж болзошгүй үндэслэл бүхий тоо баримт, материалуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна. Үүнд:

Нэгдүгээрт, 2010-2011 оны долдугаар сарын нэгнийг хүртэлх хугацаанд 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй үйлдлийг ГЕГ-ын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын гаалийн улсын байцаагчийн 2013 оны дүгнэлтээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлжээ.

Хоёрдугаарт, 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2527 тээврийн хэрэгсэл 17149 удаа улсын хилээр хоосон гарсан бүртгэлтэй, "Тавантолгой" ХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний тоо хэмжээ нь тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд заасан тоо хэмжээнээсээ 1.0 сая тонн илүү экспортолсон, 12 аж ахуйн нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон зэрэг асуудлыг нягтлан шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2018 оны 7 дугаар сард шилжүүлсэн аж.

Гуравдугаарт, 2018-2022 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрийг хүртэлх хугацааг хамруулсан шалгалтаар 2213 хамтарсан манифестаар 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс экспортын гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Шалгалтын дүнгийн талаарх танилцуулга, мэдээллийг энэ сарын 15-нд Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлжээ. Дээр дурьдсан гурван удаагийн шалгалтаар тогтоогдсон тоо хэмжээ, мэдээллийг УИХ-ын Хянан шалгах түр хороо, Засгийн газрын тогтоолоор байгуулсан хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт Гаалийн ерөнхий газраас шилжүүлэн нягтлан шалгаж, эцэслэн тогтоох арга хэмжээг хамтран хэрэгжүүлж байгаа юм.

ГЕГ-ын гадаад худалдааны статистик мэдээллээс харахад, 2019-2022 онд Монгол Улсаас БНХАУ, Их Британи, Сингапур, БНСУ, ОХУ, ХБНГУ, Хонгконг, Испани зэрэг улс орнууд руу Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Булган зэрэг боомтоор чулуун нүүрс экспортоор гаргасан байна. Нүүрсний экспортын 2019-2022 оны эхний 9 сарын статистик мэдээлэлд БНХАУ руу гаргасан нүүрсний нийт экспортод эзлэх жингийн хувь 92.1-98.2, үнийн дүнгээр 90.8-98.0 хувь байгаа аж.

Гаалийн ерөнхий газраас БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай зарим бараа бүтээгдэхүүний статистик зэрэгцүүлэлтийг 1 жил тутамд хийж, талуудын уулзалтаар зэрэгцүүлэлтийн зөрүү гарахад нөлөөлсөн хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийж, тодотгол хийдэг. Сүүлийн уулзалтыг 2019 онд хийснээс хойш цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөг хүртэл ахиж хийгдээгүй. БНХАУ-д цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан хориг, хязгаарлалтын арга хэмжээ суларч, ердийн горимд шилжих үед хоёр талын гадаад худалдааны статистик зэрэгцүүлэлтэд дүн шинжилгээ хийх ажлын уулзалтыг ойрын хугацаанд хийх саналаа БНХАУ-ын гаалийн байгууллагад илэрхийлээд буй.
Иймд дээрх зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийх, гаалийн байгууллагад тулгамдсан эрсдэлт хүчин зүйлсийг тогтоож, цаг алдалгүй хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулж, 2019 оноос хойш хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийг эрчимжүүлж, нүүрсний экспортын бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж буй. Цаашид хөрш орнуудтай гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцах гэрээ, эрх зүйн орчныг сайжруулж, хууль сахиулах хамтарсан арга хэмжээний чанар, давтамжийг нэмэгдүүлэх ажлыг гаалийн байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангах, ухаалаг гарцын системийг БНХАУ-ын гаалийн байгууллагын ухаалаг гарцын системтэй холбож, нэгдсэн бүртгэл, зэрэгцүүлэлтийг хэрэгжүүлэх нөхцөлийг судлан шийдвэрлэх, гаалийн хяналт, бүрдүүлэлт, удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг хуульд нийцүүлэн ил тод байлгах, Засгийн газрын боомтын шинэчлэлийн бодлого, хөтөлбөрийн хүрээнд 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн гаалийн шинэчлэлийг эрчимжүүлэх, гаалийн байгууллагын алба хаагчдын томилгоо, сэлгэн ажиллуулах журам, хандлага, ёс зүй, сахилга хариуцлагад тавих хяналтыг сайжруулж, дотоод хяналтыг гаалийн байгууллагын бүх шатанд эрчимжүүлэх арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа болохыг энэ үеэр мэдээллээ.