Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Хоригийг хүлээж, авах эсэхээр МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлөөс ажлын хэсэг гаран зөвлөлдөж байна. Зөвлөлдөх ажлын хэсэг чухам аль асуудлаар зөвлөлдөхөөр тохирсон болон Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах асуудлаар ямар шийдвэр гаргахаар ярилцаж буй талаар бид АН-ын зөвлөлийг төлөөлөх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас тодорууллаа.
СОНСОХ:
-ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ ШУУД ГУРАВДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ РҮҮ ОРУУЛАХААС МАН ЭМЭЭЖ БАЙНА-
-Ард нийтийн санал асуулгад тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлөөс ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн гишүүд ард нийтийн санал асуулгыг явуулахгүй байх санал дээр тохирч байна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан гурван чиглэлээр зөвшилцөх саналыг Ардчилсан намааас МАН-д хүргүүлсэн. Ард нийтийн санал асуулга явуулна гэсэн УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан ер нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт цаашид үргэлжилж батлагдах уу үгүй, юу, үүнийг ард нийт дэмжих нь үү, цаашид асуудал үргэлжиллээ гэхэд парламентын хөгжил, төлөвшил, төрийн эрх барих дээд байгууллагын тогтвортой, тасралтгүй ажиллах нөхцөл байдалд хэр нөлөөлөх вэ гээд ирээдүйд үүсч болох эрсдлээ бодолцоод дээрх асуудлуудыг эргэж харах шаардлагатай гэж үзэж байгаа. Нэг намын 65-ийн бүлгийн 62 гишүүн нь санаачилж өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө шууд гуравдугаар хэлэлцүүлэг рүү оруулахаас эмээж байна. Энэ нь зөвхөн нэг намын асуудал биш. Парламентад суудалтай улс төрийн намын хувьд дээрх бүх асуудлыг эргэн харах шаардлага бий юм биш үү, тэгвэл бид зөвшилцөхөд бэлэн байна гэдэг бичиг хүргүүлсэн. Ард нийтийн санал асуулга явууллаа гэхэд иргэд олон нийт дэмжих үү, үгүй юу, ирц нь хүрэх үү, үгүй юу гээд асуудлууд бий. Мөн тус санал асуулгыг явуулахад маш их мөнгө зарцуулна. Гэтэл үр дүнгээ өгөхгүй бол яах вэ гэдэг олон эрсдэлтэй асуудлууд бий учраас МАН-ын бүлэг эргэж харъя гэж ажлын хэсэг байгуулаад явж байна. МАН-аас таван гишүүн, Ардчилсан намаас гурван гишүүнтэй ажлын хэсэг гаран ажиллаж байна.
-Ажлын хэсгийн гишүүд уулзсан уу?
-Дээрх бүх асуудлыг хэлэлцэхээр өчигдөр уулзсан. Юуны түрүүнд Ерөнхийлөгчийн хоригийг МАН хүлээж авах, эсэхээ шийдчихмээр байна. Хориг хүлээж авбал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл эргэж задрах учраас Ардчилсан намаас болон Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргах саналаа ярилцана.
Хориг хүлээж авахгүй гэвэл энэ ажлын хэсэг байгуулагдсан нь утгагүй болох учраас МАН-ын бүлгийн байр, суурь, шийдлийг харна гэж тохироод өчигдрийн ажлын хэсгийн анхны хурал өндөрлөсөн.
-МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх магадлалтай байна гэх сураг байна. Энэ хэр бодитой мэдээлэл юм бол, шалтгаан нь юу гэж та харж байна?
-Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслийг МАН-ын 62 гишүүн УИХ-д өргөн барьсан. Ингээд нэг болон хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Нэгдүгээр хэлэлцүүлгийн дундуур улс төрийн намууд болон Ерөнхийлөгчийн тамгын газар бусад байгууллагуудын саналыг тодорхой хэмжээгээр тусгасан ч заримыг нь авалгүй үлдээсэн. Гэхдээ бусдын саналыг хангалтгүй авсан учраас Ардчилсан нам болон Ерөнхийлөгч хэлэлцүүлгээс гарсан. Нэгэнт баталсан учраас төслөө тэр чигээр нь гуравдугаар хэлэлцүүлэг рүү оруулаад явуулах хүсэл олонхийн бүлэгт бий байх. Тэр эрх, кноп нь бий .
62 гишүүн өргөн барьсан төслөө олонхийн кнопоороо батлаад өнөөдрийн хувилбарт хүргэсэн бол заавал ард түмнээс асуух шаардлагагүй, ач холбогдолгүй. Ард түмэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжихгүй эсвэл ирц нь бүрдэхгүй бол яах юм. Ингээд санал асуулгын дүн амжилтгүй болчихвол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл гуравдугаар хэллэлцүүлэг рүү явахгүй гацах нөхцөл байдал руу хүрэх юм.
Хоригийг хүлээж авахгүй гэж байгаа бол ард нийтээс асуулгүй шууд гуравдугаар хэлэлцүүлэг рүү оруулах эрх нь олонхийн бүлэгт бий.
-НИЙГМИЙН ХҮСЭЛТ, ШААРДЛАГЫГ ТУСГАЖ ЧАДААГҮЙ ХОЁРЫН ХООРОНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЧИХААД ТҮҮНИЙГЭЭ АРД НИЙТЭЭР ДЭМЖУУЛСАН МЭТ ХАРАГДУУЛАХ ГЭЖ БАЙНА-
-Гэхдээ олонхийн бүлэг бүх бурууг өөр дээрээ авахаас айж, хожмоо гарах хэл амнаас айгаад гуравдугаар хэлэлцүүлэг рүү оруулж чадахгүй байна. Тэгэхээр ард түмнээс асууна гэхээд ирц бүрдэхгүй байх, дэмжихгүй байх магадлалтай. Энэ хоёр асуудлын дунд МАН-ын бүлэг гацсан юм байна гэж таны ярианаас ойлголоо?
-Нэгдүгээрт, Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг эхнээсээ ард түмнээс асуулгүйгэээр өөрсдөө төслөө өргөн барьж, хэлэлцэж баталсан. Тэгээд баталсан төслөө зөвшөөрөх үү, үгүй гэж асууж буй нь ард нийтийн санал асуулга биш. Энэ бол өөрсдийнхөө өргөн барьсан төслийг ард түмэнд танилцуулж, баталгаажуулах процесс юм. Үүнийг буруу гэж харж байна. Энэ үйл ажиллагааг явуулахдаа баримталсан хууль зүйн баримт нь ойлгомжгүй байна. Та нар ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуулиа баримтлаагүй. Хуулийн олон заалтыг зөрчсөн. Тиймээс ард нийтийн санал асуулга явуулах нь хууль бус гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Бид энэ үндэслэлийг зөв гэж үзэж байгаа. Ер нь нийгмийн хүсэлт, шаардлагыг тусгаж чадаагүй хоёрын хооронд өөрчлөлт оруулчихаад түүнийгээ ард нийтээр дэмжүүлсэн мэт харагдуулах гэж байгаа нь эрх баригчдын хариуцлагагүй үйлдэл. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн хоригтой санал нэг байна. Хоригийг аваад засаад явчихвал цаашдын үр дагавар нь эерэг байна. Эсрэгээрээ хоригийг хүлээж авахгүй гэвэл олонхийн бүлгийн өөрсдийнх нь нэр хүнд, тогтвортой ажиллагаанд нэлээн сөргөөр нөлөөлөх байх.
-Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь авбал хоёрдугаар хэлэлцүүлэг задрах магадлалтай харагдаад байна?
-Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь авбал одоогийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах хувилбар бүхэлдээ задарна. Тэр тохиолдолд алдаагаа засаад Үндсэн хуульд оруулж чадаагүй зүйлээ ард түмнээсээ асуугаад дэмжлэг авчихвал Үндсэн хуулиа сайжруулаад явах боломж байгаа.
-Ерөнхийлөгч, Ардчилсан намтай нийлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах том төслийг гацаачихлаа гэж ярих хэсэг байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ардчилсан нам, Ерөнхийлөгч хоёр энэ асуудлыг гацаагаагүй. Олонхийн бүлэгт бүрэн эрх нь бий. Өөрсдийнхөө баталсан зүйлийг өөрсдөө цааш нь гүйцээхгүй,ирээдүйд хариуцлага бидэнд тохогдож магадгүй гэж болгоомжлоод ард түмнээс асуусан юм шиг хэлбэр оруулж байгаа нь буруу. Хэрвээ батлах гээд байгаа бол гуравдугаар хэлэлцүүлгээрээ батлаад явуул. Батлахгүй, ганцаараа явах нь буруу юм байна гэж үзээд бусадтай ярилцъя гэж байгаа бол илүү сайжруулах үүднээс бид оролцоход нээлттэй. Хориг тавих үгүй нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Ардчилсан намтай Ерөнхийлөгч нийлээд байгаа юм биш. Хоригийг авахгүй санал асуулгыг явуулах эсвэл хүлээж аваад гуравдугаар хэлэлцүүлгийг хийх нь олонхийн бүрэн эрхийн асуудал. Энэ эрхээ хэрэгжүүлж чадахгүй Ардчилсан нам, Ерөнхийлөгч хоёрын шахаанд орлоо гэж ярьж байгаа бол хамгийн хариуцлагагүй асуудал. Яах гэж 64 гишүүний кноптой, олонхийн бүлэг болсон юм. Энэ ажлаа хийж чадахгүй бол сонгуульд ялсны хэрэг юу байна.Өөрсдийнхөө сул арчаагүй байдлаа бусад руу чихэж байгаа бол төрийн эрхийг барих чадамжгүй болжээ гэдгийг тань харуулж байна.
МАН- аас сонгогдсон гишүүд УИХ-д хэт олонх энэ үед “Үндсэн хууль”-ийг өөрчлөх нь зөв үү?
Нийт: 539 саналтай