“Томуугийн үндэсний есдүгээр зөвлөгөөн” болж өнөөдөр /2021.10.29/ өндөрлөлөө. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон судлаач, эрдэмтэд оролцлоо.
Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ, “2021 оны аравдугаар дугаар сарын дунд үеэс эхлэн томуу төст өвчнийг үүсгэгч вирусууд коронавирус өвчний үүсгэгчтэй зэрэгцэн хүн амын дунд орчилд орж, ялангуяа дөрөв хүртэлх насныхны дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол нэмэгдэж байна. Томуугийн үндэсний төвийн вируслогийн лабораторийг түшиглэн 21 аймагтаа молекул биологийн лабораториудтай болж хүчин чадлыг нэмэгдүүлж, эмч мэргэжилтнийг сургаж дадлагажуулах, ажлын байранд нь ажиллаж сургах, урвалж, оношлуурын бэлэн байдлыг ханган ажиллаж, хүн амыг КОВИД-19 болон улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажил амжилттай зохион байгуулагдаж байна. Коронавируст халдварын цар тахал, томуугийн дэгдэлтийг хохирол багатай даван туулахад эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хувь хүний хариуцлага, шинэчлэл, санал санаачилга, салбар хоорондын хамтын ажиллагаа, юу юунаас чухал гэдгийг онцлон тэмдэглэе” гэсэн юм.
Мөн ХӨСҮТ ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Дэлхий дахинд КОВИД-19 өвчний цар тахалтай тэмцэж, нилээдгүй хугацаа өнгөрлөө. Өнөөдөр бид бүхэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал дэлхий дахинд болон Монгол улсад ямар түвшинд байсан, өвчлөлийн цаашдын хандлага, явц, эрүүл мэндийн салбарт тулгарч болох хүндрэл, бэрхшээлүүд болон бэлэн байдлыг ханган ажиллах талаар хэлэлцэхээр Томуугийн Үндэсний 9-дүгээр зөвлөгөөнд ЭМЯ, ДЭМБ, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөллүүд хуран цуглаад байна. Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалтад жил бүр хамрагдах бөгөөд тус томуугийн улиралд нийт 360,600 хүн тун вакцинаар улсын хэмжээнд 2-11 хүртэлх насны хүүхдүүдийн 50%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 15%-ийг вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулж дуусаад байна. Үүнээс гадна энгийн сэргийлэлтийн арга хэмжээ болох амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, аль болох олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй зэрэг нь халдвар дамжин тархахаас сэргийлэх үр дүнтэй арга бөгөөд ард иргэддээ энэ арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхийг уриалж байна" гэлээ.
Г. Мөнхбаяр