ТУРШИЛТ: Монголд “АстраЗенека”-ын эхний тунг хийлгэсэн иргэнд дархлаа ТОГТСОН бол “Синофарм” хийлгэсэн хүнд дархлаа ТОГТООГҮЙ байв

ТУРШИЛТ: Монголд “АстраЗенека”-ын эхний тунг хийлгэсэн иргэнд дархлаа ТОГТСОН бол “Синофарм” хийлгэсэн хүнд дархлаа ТОГТООГҮЙ байв

Манай улс өнгөрсөн хоёрдугаар сарын 23-аас эхлэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Вероселл”, Их Британийн “АстраЗенека”/AZD1222/, Америк, Германы “Pfizer”/BNT162b2/ гэсэн гурван вакциныг ашиглаж байна.

ЭМЯ-ны мэдээлснээр “АстраЗенека” вакцины эхний тунг тариулсан иргэд дөрөвдүгээр сарын 15-аас, “Синофарм” үйлдвэрийн вакцины эхний тунг тариулсан иргэд дөрөвдүгээр сарын 20-оос хоёр дахь тунгаа хийлгэх байв. Гэсэн ч Засгийн газраас хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хөл хорионы өдрүүдэд вакцинжуулалт хийхгүй хэмээн мэдэгдэж, хоёр дахь тунгийн хугацааг хойшлуулсан. Үүнтэй зэрэгцээд иргэдийн дунд “БНХАУ-ын вакцин дархлаа муу тогтоож байна” гэсэн яриа гарав. Тиймээс манай сурвалжлах баг БНХАУ-ын вакцины дархлаа тогтоц хэр байгааг мэдэхийн тулд “Интермед” эмнэлгийг зорьж, эсрэг биетийн шинжилгээ өгсөн юм.  

Бид энэхүү нийтлэлд 1.Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн, 2.БНХАУ-ын вакцины эхний тунг хийлгээд 27 хоног өнгөрч буй, 3.“АстраЗенека” вакцины эхний тунг хийлгэсэн  тус бүр гурван иргэнд хийсэн эсрэг биетийн шинжилгээний хариуг харьцуулж үзсэн болно.

-ХАЛДВАР АВААД ЭДГЭРСЭН ИРГЭНИЙ БИЕД ҮҮССЭН КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ БИЕТ 13,10 БАЙВ-

“Интермед” эмнэлэг энэ сарын 08-аас эхлэн коронавируст халдварын эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээ хийж буй. Биднийг очих үед эмнэлгийн зүүн талд автобус лабораторийг байрлуулж, цусаар шинжилгээ авч байв. Гадаа нь багагүй иргэд оочерлосон байсан ба коронавирусийн халдвар тусаж эдгэрсэн, вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биет үүссэн эсэхийг шалгуулахаар ирсэн байлаа.

Манай сурвалжлах багаас шинжилгээ өгсөн хүний хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр “Вероселл” вакцины эхний тунг хийлгэсэн бөгөөд хоёр дахь тунгаа дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хийлгэх байсан юм. Ингээд хувийн мэдээллээ бүртгүүлж, гарын бугуй хэсгээс цусаар шинжилгээ өгөв. "Шинжилгээний хариу 5-6 цагийн дараа бүртгүүлсэн утасны дугаараар очино" гэж сувилагч тайлбарласан юм. 15.00 цагийн үед өгсөн шинжилгээний хариу 18.00 цагийн үед ирсэн бөгөөд эсрэг бие 0.12 гэж гарсан байв. Өөрөөр хэлбэл, “Синофарм” вакцины эхний тунг хийлгэснээс 27 хоногийн дараа 0.12 эсрэг биет үүссэн байна.

"Синофарм" вакцины эхний тунг хийлгээд 27 хонож буй иргэний эсрэг биетийн шинжилгээний хариу

“Интермэд” эмнэлгийн цахим хуудсанд бичсэн мэдээллээр

  • Шинжилгээний хариу 1-ээс бага байвал эсрэг бие илрээгүй буюу дархлаа тогтоогүй,
  • Нэгтэй тэнцүү мөн нэгээс их байвал эсрэг бие илэрсэн буюу дархлаа тогтсон хэмээн тайлбарласан байсан юм/доорх хүснэгтээс харна уу/. Тэгэхээр манай сурвалжлах багийн гишүүний хувьд вакцины эхний тунг хийлгэсэн ч биед нь эсрэг биет үүсээгүй байсан гэсэн үг юм.

Шинжилгээний хариуны тайлбар

Гэхдээ зарим мэргэжилтэн эсрэг биетийн хариу урвал тухайн хүний биеийн онцлог, дархлаанаас хамаарч өөр өөр байдаг хэмээн хэлсэн байдаг. Тиймээс бид халдвар аваад эдгэрсэн болон “АстраЗенека” вакциныг тариулсан хүний шинжилгээг ч харьцуулж үзлээ. Иргэн Д-ийн хувьд одоогоос 10 гаруй хоногийн өмнө коронавирусийн халдвараар өвдөж, эдгэрсэн байна. Тэрбээр бидэнтэй хамт “Интермед” эмнэлэгт шинжилгээ өгсөн бөгөөд эсрэг биетийн хэмжээ 13.10 гэж гарсан юм /шинжилгээний хариуг доорх зургаас харна уу/.

Халдвар аваад эдгэрсэн хүнд хийсэн эсрэг биетийн шинжилгээний хариу

Тэгвэл “АстраЗенека” вакциныг эхний тунг тариулсан иргэний эсрэг биетийн шинжилгээг авч үзье. Тус иргэн өнгөрсөн гуравдугаар сарын 05-ны өдөр БНЭУ-д үйлдвэрлэсэн “Covishield” вакцины эхний тунг тариулсан бөгөөд дөрөвдүгээр сарын 08-ны өдөр эсрэг биетийн шинжилгээ өгөхөд 11,524 гэж гарчээ. Дээр дурдсанчлан эсрэг биетийн шинжилгээ 1-ээс их байвал дархлаа тогтсон байна гэж үзнэ.  Тэгвэл “АстраЗенека” вакцины эхний тунг хийлгэсэн тус иргэний хувьд эсрэг биет үүссэн байгаа юм.

"АстраЗенека" вакцины эхний тунг хийлгэсэн иргэний эсрэг биетийн шинжилгээний хариу

-ВАКЦИНЫ ЭХНИЙ ТУНГ ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ЭСРЭГ БИЕТ ҮҮСДЭГ ҮҮ-

Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс 7-14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтдог гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Гэхдээ “Pfizer” вакцины клиник судалгаа, хөгжлийн ахлах дэд ерөнхийлөгч, доктор Уильям С.Грубер “Pfizer” вакцины эхний тунг хэрэглэсний дараах үр дүн 52 хувь орчим байгааг” судалгаандаа онцлон хэлсэн байна. Уг судалгааг АНУ-ын болон Европын мэргэжлийн байгууллагууд ч хүлээн зөвшөөрч буй. Тодруулбал, АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ “Pfizer” вакцины эхний тунг хийлгэснээс 14 хоногийн дараа буюу хоёр дахь тунг хийлгэхээс өмнө 80 хувийн хамгаалалт үүсгэж буй талаар гуравдугаар сарын 29-нд гаргасан судалгаандаа дурдсан байгаа юм.

Түүнчлэн BBC агентлагаас саяхан гаргасан судалгаанд “АстраЗенека” вакцины эхний тунг хийлгэсний дараа 64,1 хувийн, “Pfizer” вакцины эхний тунгийн дараа 52 хувийн хамгаалалт үүсгэж буй талаар бичжээ.  

Харин манай улсын хэрэглэж буй БНХАУ-ын “Синофарм” вакцины талаар уг судалгаанд “БНХАУ-ын албан тушаалтнууд өөрсдийн “Синофарм” вакцины хоёр тунгийн дараах вирусийн эсрэг хамгаалалт 79 хувь гэж мэдэгдсэн боловч олон улсын хамтын нийгэмлэг баталгаажуулаагүй байна. Учир нь туршилтын суурь мэдээлэл, аргачлал олон нийтэд мэдээлэгдээгүй байгаа юм. Түүнчлэн нэг тунгийн дараах хүний биед үүсэх эсрэг биетийн мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна” хэмээн бичжээ. ДЭМБ тус вакциныг албан ёсоор бүртгэж аваагүй/одоогоор судалж буй/ тул судалгааны үр дүнгийн талаарх мэдээлэл хомс байгаа юм.

Жич: Монголд одоогоор COVID-19 халдварын эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээг гурван эмнэлэг хийж байна. Бид тухайн өдөр ажиллаж байсан тул “Интермед” эмнэлгийг зорьж, шинжилгээ хийлгэсэн болно.