БНСУ-д магистрын хөтөлбөрт суралцсан А гэх монгол оюутан сургуулиа төгсөхийн тулд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх гэж байсан ч оршин суух хугацаагаа сунгах хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Улмаар монгол иргэн шүүхэд хандсан бөгөөд тус улсын Жонжу дүүргийн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “виз сунгахаас татгалзсан нь хууль ёсны" гэж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Монгол оюутан А нь 2023 оны хоёрдугаар сард оюутны визээр Солонгост очиж, магистрын хөтөлбөрт суралцаж, 2024 оны 8-р сард төгссөн. Гэсэн хэдий ч магистрын сургуулиа төгсөхийн тулд А нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 4-р түвшинг давсан байх шаардлагатай байжээ. А нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөхийн тулд 2025 оны 3-р сарын 30-ны өдөр визний хугацаа дуусахаас дөрвөн хоногийн өмнө буюу 3-р сарын 26-нд Жонжугийн Цагаачлалын албанд оршин суух хугацааг сунгуулах хүсэлт гаргажээ. Гэсэн ч магистрын хөтөлбөрийг аль хэдийн төгссөн тул сунгалтад хамрагдах эрхгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосны дараа А шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Энэ талаар монгол оюутан “БНСУ-д суралцахаар ирж, магистрын хөтөлбөрийг дүүргэсэн ч эцэст нь төгсөж чадахгүй бол учрах хохирлууд хэтэрхий их байна. Тиймээс оршин суух хугацааг сунгахаас татгалзсан нь пропорциональ зарчмыг зөрчиж байна" гэжээ. Харин Шүүхээс "Хууль зүйн яамны Олон улсын оюутнуудад виз олгох, оршин суух менежментийн удирдамжын дагуу магистрын зэргийн хөтөлбөрийн оршин суух хугацааг сунгах тусгай заалтуудад хөтөлбөрийг дүүргэсэн, дипломын ажил бичиж эсвэл бэлтгэж байгаа хүмүүс хамрагдах эрхтэй гэж заасан бөгөөд элссэнээс хойш 5 жил, төгссөн өдрөөс хойш 3 жил байна. Олон улсын оюутнуудад оршин суух хугацааг сунгах тусгай заалтын талаарх ийм удирдамжийг тогтоосон тусгай шаардлага, хасах үндэслэл нь шударга бус эсвэл нийгмийн хэм хэмжээнд харшлаагүй байна" гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч визний сунгалтыг татгалзсанаас үүдэн БНСУ-д үлдэж чадаагүйгээс болж хохирсон ч энэ нь эцсийн дүндээ нэхэмжлэгч магистрын төгсөлтийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүйгээс үүдэлтэй гэж шүүх үзсэн байна.
Эх сурвалж: Legal Times