Төрийн шагналд анх удаа Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээлийг нэр дэвшүүлжээ

Төрийн шагналд анх удаа Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээлийг нэр дэвшүүлжээ

“Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал” нэрээр олгож эхэлсэн Монгол улсын Төрийн шагналын 80 жилийн түүхэнд уг шагналд анх удаа физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээлийг нэр дэвшүүлжээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр хүртээдэг энэ шагналд шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, урлаг, утга зохиолын шилдэг гарамгай бүтээлийг нэр дэвшүүлдэг журамтай. Тэгвэл энэ удаа Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн эрдэмтэн Х.Цоохүү, О.Болормаа, Н.Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” нэгэн сэдэвт хамтын бүтээлийг нэр дэвшүүлжээ. Физик, химийн салбарын эрдэмтдийн баг 2012 оноос эхлэн 10 гаруй жилийн хугацаанд Монгол орны 304 сум, гурван тосгоны гүний уст цэгүүдээс 1000 гаруй дээж авч, физик, гидрогеохимийн шинжилгээ хийж, эрдсүүдийг тодорхойлсон бөгөөд дээрх гурван эрдэмтэн энэ ажлын нэг чухал хэсэг болох усны уран, хүнд элементүүдийн агуулгыг тодорхойлон “Монгол орны ундны усан дахь уран” хэмээх бүтээлийг хамтран туурвисан байна. Уг бүтээл нь хүн амын ундны усны цацрагийн талаарх суурь материалыг бий болгож, цаашид харьцуулалт хийх боломжийг бүрдүүлж өгснөөр Монгол орны ундны усны цацрагийн хяналт-шинжилгээний эхлэлийг тавьсан юм.