СУРВАЛЖИЛГА: Туулын хурдны замыг барихын тулд 26 га талбайн улиас, 17 га талбайн бургасыг “хядаж” эхэлжээ

СУРВАЛЖИЛГА: Туулын хурдны замыг барихын тулд 26 га талбайн улиас, 17 га талбайн бургасыг “хядаж” эхэлжээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой “Туулын хурдны зам” төсөл 2026 оны гуравдугаар сарын 15-нд албан ёсоор эхэлсэн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн билээ. Энэ бол нийслэлд хэрэгжих 14 мега төслийн нэг.

ВИДЕО:

Нийслэлийн зүгээс уг төслийг эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой, түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж тайлбарлаж байгаа ч олон нийтийн дунд эргэлзээ, шүүмжлэл дагуулсаар байна. Учир нь тус төслийг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, ойр орчмын бургас, улиасыг нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. Гэсэн ч өдгөө тус шийдвэр өөрчлөгдөж, 26 га талбайн улиас, 17 га талбайн бургасыг “хядаж” эхэлжээ.

"УСНЫ ГАЗРЫН ДАРГА Р.БАТБОЛД: “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫН ТЕХНИКИЙН ЗУРАГ, ТООЦООЛОЛ ИРЭЭГҮЙ"

Туул гол дагуу баригдах уг замын хамгийн их шүүмжлэл дагуулж буй асуудал бол байгаль орчинд үзүүлэх нөлөө юм. Туул гол бол нийслэлийн ундны усны үндсэн эх үүсвэр. Мөн хотын экосистемийг тэнцвэржүүлэгч чухал бүс юм.

Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Туулын хурдны замын хүрээнд 26 га улиас, 17 га бургас хядахаар тооцоо гарсан” гэсэн юм. Угтаа бол Хотын дарга Х.Нямбаатар энэ бүтээн байгуулалтын үеэр нэг ч мод тайрахгүй хэмээн мэдэгдэж байсан ч удаатай.

Усны газрын дарга Р.Батболд “Усны тухай хуулийн дагуу усны барилга байгууламж гэж үзэж, зураг төсөлдөө дүгнэлт гаргуулахыг шаардаж байгаа, одоогоор зураг төслөө ирүүлээгүй” гэсэн юм. Энэ асуудалтай холбоотойгоор иргэний мэдэх эрхийг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах зорилгоор төслийн байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ, санхүүжилтийн эх үүсвэр, эргүүлэн төлөх хуваарь, төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Батбаатар нараас мэдээлэл сонсох хүсэлтийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд УИХ-ын гишүүн Ж.Зоржаргал хүргүүлсэн байна.

"ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧ “ХАОЮАНЬ” ГРУПП ХУРДНЫ ЗАМЫН ТОМООХОН ТӨСЛИЙН ТУРШЛАГАГҮЙ"

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгт бүртгэлтэй “Hongkong Haoyuan Industrial and Trade Co., Limited” буюу “Хаоюань групп” шалгарсан. Компанийн нээлттэй мэдээллээс харахад Хонгконгт бүртгэлтэй, олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ган төмөрлөг, машин механизм, хуванцар бүтээгдэхүүн зэрэг барааны импорт, экспортын чиглэлээр Вьетнам, Колумби, Эквадор зэрэг улсуудтай худалдаа хийж байсан туршлагатай гэж байна. Харин анхаарал татаж буй асуудал нь тус компани авто зам, тэр дундаа олон улсын хэмжээний хурдны замын томоохон төслийн туршлага тодорхой бус байгаа явдал юм.

"33 КМ УРТТАЙ “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫН ТӨСӨВТ ӨРТӨГ 2.3 ИХ НАЯД ТӨГРӨГ"

“Туулын хурдны зам”-ын төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд нэг км замыг барих төсөвт өртөг дунджаар 70 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Олон улсын жишигтэй харьцуулахад энэ нь анхаарал татахуйц өндөр дүн юм. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнуудад нэг км хурдны замын өртөг харьцангуй бага байдаг. Харин хөрш бүс нутагт бүр ч хямд, төсөр баригдаж байна. Иймээс төсвийн үр ашиг, ил тод байдалд эргэлзэх шалтгаан үүсээд байгаа юм.

Авто замын сүлжээг өргөтгөх нь хотын хөгжилд зайлшгүй хэрэгцээтэй. Гэвч энэ нь байгаль орчны үнэт нөөц, стратегийн чухал бүсийг золиослох замаар хэрэгжих ёстой юу. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол, хуурайшилт аль хэдийн өндөр түвшинд хүрсэн. Ийм нөхцөлд Туул голын ай савд хийгдэх томоохон бүтээн байгуулалт нь зөвхөн замын асуудал биш, хотын урт хугацааны амьдрах орчны асуудал болж хувирч байна. Тиймээс уг төслийг цаашид хэрэгжүүлэхдээ зөвхөн бүтээн байгуулалтын хурд бус, ил тод байдал, хариуцлага, экологийн тэнцвэрийг нэн тэргүүнд тавих шаардлага улам бүр тодорч байна.

Д.АНАР




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө