ОХУ-аас манай улсын Ерөнхий боловсролын сургуулиудад Орос хэлийг "заавал судлуулдаг" болгох санал тавьжээ

ОХУ-аас манай улсын Ерөнхий боловсролын сургуулиудад Орос хэлийг "заавал судлуулдаг" болгох санал тавьжээ

Ерөнхий боловсролын дунд сургуулийн 7-8 дугаар ангид долоо хоногт 2 цаг, 9 дүгээр ангид долоо хоногт 3 цаг орос хэлний хичээл үздэг. Харин 10-12 дугаар ангид англи эсвэл орос хэлний аль нэгийг сонгон судална гэж заасан байдаг. 

Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр ОХУ болон Монголын парламентын гишүүдийн төлөөлөл Москвад хуралдсан юм байна. Энэхүү хуралдаанд Оросын талаас тус улсын Төрийн Думын орлогч дарга, хамтын ажиллагааны Комиссын Оросын хэсгийн дарга  Алексей Васильевич Гордеев, Монголын талаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан оролцсон аж. 

Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Үүнийг тодруулбал, Улаанбаатар төмөр замын хөрөнгө оруулалт, Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр чухал нэг асуудал яригдсан нь манай улсын Ерөнхий боловсролын сургуулиудад Орос хэлийг заавал судлуулах саналыг танилцуулсан байна. Тодруулбал, ОХУ-ын боловсролын салбарын төлөөлөл, "Бид Монгол руу 300 сурах бичиг илгээсэн. Орос хэлийг түгээн дэлгэрүүлэхийн тулд 7-8-р ангийнханд орос хэлийг заавал үзэх хичээл болгох нь чухал байна. Та бүхэн үүнд дэмжлэг үзүүлнэ үү" гэжээ. 

Тэгвэл өмнө нь ч хэд хэдэн удаа энэ асуудал хөндөгдөж байсан удаатай. Тухайлбал, 2023 онд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монголд айлчлах үеэрээ Монгол Улсад орос хэл сурах, хэрэглэхэд шаардлагатай бүх нөхцөл бүрдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байсан юм. 

Эх сурвалж: Duma.gov