Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

Монголын Говь цөлийн Ухаа толгодоос нэг сантиметр орчим урттай, сайтар хадгалагдсан эртний хөхтөн амьтны араг ясны олдворыг палеонтологичид илрүүлжээ.

Уг олдвор бол Цэрдийн галавын сүүл үед хамаарах “бичил хөхтөн” (micro-mammals) амьтдын хамгийн эртний төлөөллүүдийн нэг гэж үзэж байна. Үлэмж биет үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн оршиж байсан эдгээр бичил өвөг дээдсийн гавлын яс болон үе мөчний бүтэц ийнхүү бүрнээрээ олдсон нь Мезозойн эриний биологийн олон янз байдлыг судлахад маш их ач холбогдолтойг судлаачид онцолжээ.

Америкийн Байгалийн түүхийн музейн мэдээлснээр, ердөө нэг сантиметр хэмжээтэй араг яс булчин, зөөлөн эдийн ул мөртэйгөө бүрэн хадгалагдаж үлдсэн нь Цэрдийн галавын үеийн олдворуудын хувьд нэн ховор тохиолдол аж. Гадаад төрхөөрөө сохор номинтой төстэй уг амьтныг Мезозойн эриний дээд шатны шавьж идэштэн буюу Велоцираптор үлэг гүрвэлтэй нэгэн цаг үед амьдарч байсан “иш хөхтөн” (stem-mammal) хэмээн ангилсан байна. Хүчтэй элсэн шуурганы үеэр нарийн, хуурай элсэнд тэр даруй дарагдсан нь уг амьтны үлдэгдэл ийнхүү бүрэн бүтэн хадгалагдах гол нөхцөл болжээ. Энэхүү олдвор нь эрс тэс, улирлын чанартай уур амьсгалтай Говь цөлийн нөхцөлд амьд организмууд хэрхэн дасан зохицож байсныг нотлох чухал баримт болж байна. Одоогоор судлаачид өндөр нарийвчлалтай “Micro-CT” скайнерийн тусламжтайгаар чулуулгийг нэвт харж, нэг сантиметр урттай араг ясны дижитал 3D загварыг гарган нарийвчилсан судалгааг үргэлжлүүлж байгаа гэж Монцамэ агентлаг мэдээлжээ.