2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгч Монгол Улсын иргэдээс тодорхой нөхцөлд барьцаа шаардах боломж бүрдэж уг барьцааны хэмжээ нь 15,000 ам.доллар хүртэл болж өссөн талаар мэдээлэл гарсан бөгөөд энэ талаар АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяраас тодрууллаа.
Тэрбээр "АНУ-д Монгол Улсын 44 мянган иргэн ажиллаж, амьдарч байна. АНУ-ын аюулгүй байдлын яамны хэрэгжүүлж байгаа бодлогоор цагаач иргэд, гаднаас ирж байгаа иргэд аялаад буцдаг байх асуудлыг өндөржүүлж байна. Энэ хүрээнд АНУ-ын Төрийн департаментын “визийн бонд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа юм. Виз мэдүүлэгчид барьцааг зөвхөн албан ёсны зааврын дагуу байршуулах бөгөөд гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглахгүй байхыг анхааруулж байна. Барьцаа бүрэн байршуулсан тохиолдолд л виз олгох шийдвэр эцэслэн гарна. Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, барьцааны хэмжээг бууруулах тал дээр ажиллах чиглэлээр Гадаад харилцааны яамтай хамтран шаардлага тавьж ажиллана. Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалж, байр сууриа АНУ-ын талд ойлгуулах ёстой. Энэ шинэ арга хэмжээ нь АНУ-д ажиллаж амьдарч буй Монголчуудын нийгмийн халамжид оролцож буй үзүүлэлт, визний хугацаа хэтрүүлэх зэрэг хүчин зүйлсийг үндэслэн хэрэгжиж байгаа бөгөөд АНУ-ын засгийн газрын бодлогын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байна" гэлээ.
Д.Анар
ШУУД: