ВИДЕО: Хүүхдийн зуслангаас газрын татвар авснаас болж “Нарс”, “Ундраа”, “Янзага”, “Сансар” зуслан 165-624 саяын өрөнд орж, дампуурах эрсдэлд оржээ

ВИДЕО: Хүүхдийн зуслангаас газрын татвар авснаас болж “Нарс”, “Ундраа”, “Янзага”, “Сансар” зуслан 165-624 саяын өрөнд орж, дампуурах эрсдэлд оржээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн 61 зуслан бүртгэлтэй байгаагаас 40 гаруй нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн зуслангийн тоо жилээс жилд буурч, зарим зуслан хаалгаа барихад хүрч байгаа нь зуслангийн газраас татвар авдаг болсонтой холбоотой гэнэ.

Тодруулбал, Газрын төлбөрийн тухай хуульд 2021 оны долдугаар сарын 7-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр хувийн хэвшлийн зуслангуудаас жил бүр газрын татвар авдаг болгох зохицуулалт оруулснаар нийслэл орчимд үйл ажиллагаа явуулдаг найман том зуслангийн тав нь хаалгаа барихад хүрээд байгаа аж. Энэ талаар бид “Нарс” хүүхдийн зуслангийн захирал Ц.Туяасайхантай ярилцлаа.

ВИДЕО:

Газрын төлбөрийн тухай хуульд хэзээ ямар нэмэлт өөрчлөлт орсноор хүүхдийн зуслангууд газрын төлбөр төлөх нөхцөл байдал үүсээд байна вэ?

Газрын төлбөрийн тухай хууль анх 1997 онд батлагдсан. Энэ хуульд 2006 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр “Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хүүхдийн зуслангуудыг газрын төлбөрөөс чөлөөлнө” гэдэг заалт орсон. Дээрх хуулийн заалт бол хүүхдийн зусланг урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад маш чухал хувь нэмэр оруулж байсан, төрөөс үзүүлж буй дэмжлэг гэж хэлж болохоор байсан. Гэтэл 2021 оны долдугаар сарын 7-нд яг ковидын үед Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод “Өмчийн хэлбэр харгалзахгүй” гэдэг үгийг аваад “Төрийн болон орон нутгийн өмчит зуслангуудыг төлбөрөөс чөлөөлнө” гэсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орсон. Үүнээс шалтгаалаад хүүхдийн зуслангууд ялангуяа нийслэлийг тойрсон ногоон бүсийн зуслангууд маш өндөр хэмжээний газрын төлбөр төлөхөөр болж байгаа. Энэхүү татвараас болоод өнөөдөр зуслангуудын үйл ажиллагаанд маш их хүндрэл учирч, цаашид хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрээд байна.

Тухайлбал яг аль аль зуслангууд хэдий хэмжээний өр төлбөрт орж, үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байна вэ?

Нийслэлийг тойрсон ногоон бүсийн найман том зуслан байсан. Гэтэл эндээс одоо гурав нь үлдээд үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүүхдийн зуслангуудын 70 орчим хувь нь зах зээлийн зарчмаар төрөөс дэмжлэг авалгүй үйл ажиллагааны зардлаа өөрсдийн орлогоор нөхөөд явдаг. Манайхаас гадна “Янзага”, “Сансар”, “Ундраа” зуслангууд бүгд 165-624 сая төгрөгийн өртэй, бүгдийнх нь данс нь хаагдсан байдалтай байна.

Та бүхэн Газрын төлбөрийн тухай хуульд ийм өөрчлөлт орсон гэдгийг хэзээ, яаж мэдсэн бэ?

Хүүхдийн зуслангууд 2020 онд хагас ажиллаад, 2021 онд ковид болоод ажиллаагүй. Энэ хугацаанд бид засвар шинэчлэл хийгээд 2022 онд үйл ажиллагаагаа явуулсан. Гэтэл 2022 оны дөрөвдүгээр улиралд дансанд байсан мөнгө нэг л өдөр татагдаад алга болчихсон. Юу болов, яав ийв гэсэн чинь “Танайд маш өндөр газрын төлбөр ирсэн байна. 260 сая төгрөгийн өртэй учраас дансыг чинь хаагаад, дансанд чинь байгаа мөнгийг чинь авсан” гэсэн. Бид газрын албатай хийсэн гэрээний хүрээнд ямар ч өр төлбөргүй гэж бодоод явж байсан. Бидэнд газрын албанаас ямар ч мэдэгдэл өгөөгүй. Татварын албаныхан ч хэлээгүй. 2022 онд данс хаагдахаар л мэдсэн. Ингээд 2022 оноос хойш Монголын үндэсний зуслангийн холбоогоор дамжуулаад бүх л яам, тамгын газарт хандаж хүсэлт, дэмжлэг бүх төрлийн бичиг явуулсан. Энэ бүх бичиг баримтууд нэг л цэг дээр буцаад хүрээд ирдэг. Хууль нь ийм юм байна. Хуулиндаа өөрчлөлт оруулж байж та бүхэн энэ асуудлыг шийдэх юм байна гэдэг. Газрын төлбөрийн шинэчилсэн найруулга гээд Барилга хот байгуулалтын яам өргөн барьсан хуулийн 9.1-т газрын төлбөрөөс ийм ийм хүмүүсийг чөлөөлнө гэдэг заалт байдаг. Бидний хүсч байгаа зүйл бол 9.1-т өмчийн хэлбэр харгалзахгүй хүүхдийн зусланг газрын төлбөрөөс чөлөөлж өгөөч гэж хүсч байгаа.

-ТАТВАР НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ХҮҮХДИЙН ЗУСЛАНД АМРАХ ЭРХИЙН БИЧГИЙН ҮНЭ НЭМЭГДЭНЭ-

“Нарс” зуслангийн хувьд өнөөдөр татварт яг хэдэн төгрөгийн өртэй байна. Үйл ажиллагааны зардлаар энэ төлбөрөө төлөх боломжтой юу?

Манай зуслан дээр гэхэд жилдээ 162 сая төгрөг төл гэж мэдэгдэл ирээд байгаа. Ойн бүсэд гээд хоёр дахин нэмэгдүүлсэн төлбөр төлж байгаа. Жилд 162 сая гээд дөрвөн жилийн хугацаанд 600 гаруй сая төгрөгийн газрын төлбөрийн өртэй явж байна. Өнгөрсөн жил боломжоороо жаахан ч гэсэн төлье гээд дансандаа 20 сая төгрөг үлдээгээд Газрын алба руу шилжүүлсэн. Ер нь хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа ерөнхий боловсролын дунд сургуулийн амралтын хугацаа буюу зургадугаар сарын 10-аас наймдугаар сарын 20-ны хооронд явагддаг. Орлого олох хугацаа нь хязгаарлагдмал. Тийм болохоор ийм хэмжээний татвар төлөх боломж үнэхээр байдаггүй.

Татвар их болох тусам хүүхдийн амрах эрхийн бичгийн үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ татвар эргээд эцэг эхчүүдийн нуруун дээр очно. Хүүхдийн эрхийн бичгийн үнэ нэмэгдэхээр амрах хүүхдийн тоо багасаад хүүхдийн тэгш оролцоо, хамрагдах боломж төдий хэмжээгээр хумигдана.

Хуулинд өөрчлөлт оруулж, газрын төлбөрийн өрөө барагдуулж чадахгүй бол та бүхэнд ямар эрсдэл учрах вэ?

Үнэхээр газрын төлбөр ийм өндөр байх юм бол хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхэлж чадахгүй л гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн юм хүүхэддээ үлдэхгүй. Үнэхээр гоё байгальтай, тийм хэмжээний зусланг ахиад байгуулна гэхэд бол хэцүү. Одоо “Найрамдал-2” зусланг байгуулна гэж яриад хэдэн жил болж байгаа билээ. Юмыг нураах амархан. Бүтээж босгоход хэцүү байдаг. Бидний хувьд энэ зусландаа 23 жилийн хичээл зүтгэлээ зориулсан болохоор хүүхдийн зуслан хэвээрээ байгаасай, хүүхдийн юм хүүхэддээ үлдээсэй гэж хүсч байна.  Яагаад гэвэл бид хүүхдийн зуслан хүүхдэд сурч хөгжих, биеэ даах боломж олгодог боловсролын байгууллагын салшгүй нэг хэсэг. Хүүхэд сургуульд танхимаар боловсрол эзэмшээд мэдлэг авдаг бол хүүхдийн зуслан тэр сурсан мэдсэн зүйлсээ байгальд нь, орчинд нь сурч мэдэх лаборатори гэж хэлж болох газар юм.