ТОДРУУЛГА: Морьт харвааны 18 морийг хулгайлж, төхөөрсөн таван иргэний цагдан хориог үргэлжлүүлж байна

ТОДРУУЛГА: Морьт харвааны 18 морийг хулгайлж, төхөөрсөн таван иргэний цагдан хориог үргэлжлүүлж байна

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх морьт харвааны сургагдсан 18 морийг хулгайлж, төхөөрсөн таван этгээдийг баривчлах тогтоолыг энэ оны зургаадугаар сарын 16-нд гаргасан.

Тэгвэл одоогоор нөхцөл байдал, шалгалтын ажиллагаа ямар шатанд байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Морьт харваанд унаж байсан 18 тооны морьдыг хулгайлж, төхөөрсөн этгээдүүд цагдан хорьж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэсэн юм.

Хэргийг эргэн сануулбал, Морьт харваанд унаж байсан 18 тооны морьдыг 2025 оны зургаадугаар сарын 7-ний өдрийн 04:30 цагт таван иргэн хулгайлж, төхөөрсөн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан. Тэгвэл тус хэргийг Хан-Уул дүүргийн прокуророос шалгаад “яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” хэмээн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлсэн байдаг. Улмаар саналыг тухайн дүүргийн Эрүү, иргэний анхны шатны шүүх зургаадугаар 13-ны өдөр хэлэлцэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн. 

Тодруулбал, шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар  зэрэгтэй танилцаад нэр бүхий яллагдагч нар Эрүүгийн хуульд заасан 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэдгээр нь  зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон, хэргийн газраас гэмт хэргийн ул мөр илэрсэн нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн билээ.